43 дугаар зүйл. Эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

43 дугаар зүйл. Эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх

43.1.Эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх хилийн боомтыг Засгийн газар тогтооно.

43.2.Эм, эмнэлгийн хэрэгслийн импорт, экспортын мэдүүлэг олгох журмыг эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

43.3.Дараах эм, эмнэлгийн хэрэгслийг импортлох, экспортлохыг хориглоно:

43.3.1.бүртгэлгүй эм, өндөр, дунд эрсдэлтэй эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн;

43.3.2.эмийн импортын болон экспортын мэдүүлэгт заасан нэр, үйлдвэрлэгч, хэлбэр, тун, тоо хэмжээ, цувралын дугаар зөрүүтэй, хадгалалтын хугацаа дууссан;

43.3.3.эмнэлгийн хэрэгслийн импортын болон экспортын мэдүүлэгт заасан нэр, үйлдвэрлэгч, загвар, тоо, хэмжээнээс зөрүүтэй, хадгалалтын хугацаа дууссан;

43.3.4.тогтоосон хилийн боомтоос өөр боомтоор нэвтрүүлэх;

43.3.5.бүртгэлийн загвараас өөр;

43.3.6.хадгалалт, түгээлтийн зохистой дадлын стандарт хангаагүй;

43.3.7."Монгол Улсад үйлдвэрлэв" гэсэн шошго, тэмдэглэгээтэй эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох;

43.3.8.үйлдвэрлэснээс хойш 5-аас дээш жилийн хугацаа өнгөрсөн эмнэлгийн тоног төхөөрөмж импортлох.

43.4.Иргэн, тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд эм, эмнэлгийн хэрэгслийг Гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд импортлох, экспортлохыг хориглоно.

43.5.Хандив, тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг импортлох, экспортлох хүн, хуулийн этгээдэд энэ хуулийн 43.4 дэх хэсэг үйлчлэхгүй.

43.6.Зорчигчийн хувийн хэрэглээний эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх асуудлыг Гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.

43.7.Зорчигчийн хувийн хэрэглээнд оруулж ирсэн эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг худалдан борлуулахыг хориглоно.

43.8.Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хяналтыг гаалийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эмийн асуудал хариуцсан улсын байцаагч хийнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.