44 дугаар зүйл. Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох
44.1.Эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах тохиолдолд эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох тухай бүрд импортын мэдүүлэг олгоно:
44.1.1.бүртгэлтэй эмийн үйлчлэгч бодис, эмийн туслах бодис, уламжлалт эмийн түүхий эд, туслах материал, үйлдвэрлэлд шаардлагатай тоног төхөөрөмж импортлоход;
44.1.2.ханган нийлүүлэх байгууллага бүртгэлтэй эм импортлоход;
44.1.3.ханган нийлүүлэх байгууллага бүртгэлтэй эмнэлгийн хэрэгсэл импортлоход;
44.1.4.энэ хуулийн 17.1.1, 17.1.2, 17.1.3, 17.1.4, 17.1.5, 17.1.6, 33.9.1, 33.9.2, 33.9.3, 33.9.4, 33.9.5, 33.9.6, 33.9.7, 33.9.8-д заасан бүтээгдэхүүнийг импортлоход;
44.1.5.улсын хилээр төрийн хяналтын доор нэвтрүүлэх жагсаалтад орсон бүтээгдэхүүн импортлоход.
44.2.Энэ хуулийн 17.1.7, 33.9.9-д заасан эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхэд импортын мэдүүлэг шаардахгүй.
44.3.Энэ хуулийн 44.1-д заасан импортын мэдүүлэгт бүтээгдэхүүний нэр, хэлбэр, загвар, тун, тоо хэмжээ, цувралын дугаар, үйлдвэрийн нэр, улсын хилээр нэвтрүүлэх хугацаа, хадгалах, тээвэрлэх нөхцөл, шаардлага, хилийн боомтыг заасан байна.
44.4.Эмэнд импортын мэдүүлэг олгоход дараах баримт бичигт үндэслэнэ:
44.4.1.тусгай зөвшөөрлийн гэрчилгээ;
44.4.2.бүртгэлийн дугаар;
44.4.3.үйлдвэрлэлийн зохистой дадлын стандартын гэрчилгээ;
44.4.4.үйлдвэрлэгчийн тухайн цувралын шинжилгээний дүн;
44.4.5.гадаад улсын эмийн үйлдвэрлэгчтэй, эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчтай байгуулсан гэрээ;
44.4.6.нэхэмжлэх.
44.5.Эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага вакцины импортын мэдүүлэг олгоход тухайн улсын эмийн зохицуулалтын байгууллагын цувралын баталгаажилтын гэрчилгээг үндэслэнэ.
44.6.Энэ хуулийн 44.3, 44.4, 44.5-д заасныг зөрчсөн нь тогтоогдвол импортын мэдүүлгийг эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүчингүй болгоно.
44.7.Дараах нөхцөл байдал үүссэн тохиолдолд бүртгэлгүй эм, эмнэлгийн хэрэгслийг импортлоход Эмийн зөвлөл, Эмнэлгийн хэрэгслийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага импортын мэдүүлэг олгоно:
44.7.1.гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн;
44.7.2.эм, эмнэлгийн хэрэгслийн тасалдал үүсэж орлуулан хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл байхгүйгээс эмнэлгийн тусламж, үйлчилгээнд доголдол үүссэн.