47 дугаар зүйл. Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт, үнийн зохицуулалт
47.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36.1.2-т заасан нөхцөлийн дагуу нэг эх үүсвэрээс худалдан авах аргыг дараах бүтээгдэхүүнд хэрэглэж болно:
47.1.1.төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээнд түгээмэл хэрэглэгддэг эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн, вакцин, биобэлдмэл;
47.1.2.төрөөс төлбөрийг нь хариуцах удаан хугацааны нөхөх эмчилгээ шаардагдах эмгэгийн болон хөнгөвчлөх эмчилгээний эм;
47.1.3.иргэдэд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгох эм.
47.2.Эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран энэ хуулийн 47.1-д заасан бүтээгдэхүүний нэр төрлийг гаргаж, улсын хэмжээний хэрэгцээг нэгтгэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
47.3.Эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн энэ хуулийн 47.2-т заасан хэрэгцээг үндэслэн энэ хуулийн 47.1-д заасан бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг 3 хүртэлх жилээр эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
47.4.Олон улсын чанарын шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг олон улсын байгууллага, эмийн зохицуулалтын үнэлгээгээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай гадаад улсаас худалдан авах үйл ажиллагааг эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, үйлдвэрлэгчээс худалдан авах үйл ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45.1, 45.2, 45.4, 45.7-д заасны дагуу зохион байгуулна.
47.5.Гадаад улсын үйлдвэрлэгчээс, эсхүл олон улсын байгууллага, эмийн зохицуулалтын үнэлгээгээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай гадаад улсаас шууд болон дамжуулан худалдан авсан эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакцины гаалийн бүрдүүлэлт, тээвэрлэлт, хадгалалт, түгээлтийн үйл ажиллагааг хариуцах тусгай зөвшөөрөл бүхий ханган нийлүүлэх байгууллага эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулан, гэрээний хэрэгжилтэд хяналт тавина.
47.6.Гадаад улсын үйлдвэрлэгчээс, эсхүл олон улсын байгууллага, эмийн зохицуулалтын үнэлгээгээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай гадаад улсаас шууд болон дамжуулан худалдан авах эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакцины санхүүжилтийг зохицуулах журмыг эрүүл мэндийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
47.7.Эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн бөөний болон жижиглэнгийн үнийн нэмэгдэх хувь хэмжээний дээд хязгаарыг эм, эмнэлгийн хэрэгслийн чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагаас санал авч, саналаа эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
47.8.Энэ хуулийн 47.7-д заасан саналыг үндэслэн зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн бөөний болон жижиглэнгийн үнийн нэмэгдэх хувь хэмжээний дээд хязгаарыг эрүүл мэндийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
47.9.Эм, эмнэлгийн хэрэгслийн үнийг гадаад, дотоодын жишиг үнэ, үнийн ил тод байдлыг хангах, хэлцэл хийх, эрүүл мэндийн технологийн үнэлгээний арга ашиглах журмыг эрүүл мэндийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
47.10.Эм, эмнэлгийн хэрэгслийн үнийн хяналт, зохицуулалт, худалдан авалттай холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Өрсөлдөөний тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулна.
47.11.Төрөөс эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн үнийг дараах байдлаар зохицуулна:
47.11.1.үнийн ил тод, нээлттэй байдлыг хангах;
47.11.2.гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, хувь хэмжээг бууруулах, хөнгөлөлттэй зээл олгох;
47.11.3.үнийн дээд хязгаар, нэмэгдэх хувь хэмжээг тогтоох;
47.11.4.гадаад, дотоодын жишиг үнэ ашиглах;
47.11.5.технологийн үнэлгээ хийх;
47.11.6.олон улсын чанарын шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэгслийг олон улсын байгууллагаас худалдан авах;
47.11.7.хэлцэл хийх;
47.11.8.хуульд заасан бусад.
47.12.Хангамжийн шатлал бүрд эмийн нэр төрөл, үнэ, цувралын мэдээлэл солилцох байгууллага хоорондын цахим мэдээллийн нэгдсэн сантай байна.
47.13.Хангамжийн байгууллага энэ хуулийн 47.12-т заасан цахим мэдээллийн нэгдсэн санд эм, эмнэлгийн хэрэгслийн хамгийн бага хэмжих нэгж, түүний суурь үнэ, бөөний үнэ, жижиглэнгийн үнийг тухай бүр байршуулах үүрэгтэй.
47.14.Ханган нийлүүлэх байгууллагын худалдаалж байгаа эм, эмнэлгийн хэрэгслийн бөөний үнийг цахим мэдээллийн нэгдсэн сангаар дамжуулан эмийн сан, эрүүл мэндийн байгууллагад ил тод, нээлттэй байлгана.
47.15.Эмийн сан худалдаж байгаа эм, эмнэлгийн хэрэгслийн жижиглэнгийн үнийг цахим мэдээллийн нэгдсэн сангаар дамжуулан иргэдэд ил тод, нээлттэй байлгана.
47.16.Эм, эмнэлгийн хэрэгслийн үнийн цахим мэдээллийн нэгдсэн санг ажиллуулах журмыг Засгийн газар батална.
47.17.Гаалийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага улсын хилээр нэвтэрсэн эм, эмнэлгийн хэрэгслийн нэр төрөл, хамгийн бага хэмжих нэгж, суурь үнийн бодит хугацааны мэдээллийг эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад мэдээлнэ.
47.18.Гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл, дотоодын эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлд ашиглах түүхий эд, сав, баглаа боодол, тоног төхөөрөмжид татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж болно.
47.19.Импортыг орлох, экспортыг дэмжих, инновац шингэсэн дотоодын үйлдвэрийн шинэ эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, эсхүл алслагдсан бүс нутагт эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, экспортлох үйл ажиллагаа эрхлэхэд төрөөс хөнгөлөлттэй зээл, санхүүгийн дэмжлэг олгож болно.
47.20.Энэ хуулийн 47.19-д заасан импортыг орлох, экспортыг дэмжих, инновац шингэсэн дотоодын үйлдвэрийн шинэ эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэхэд төрөөс хөнгөлөлттэй зээл, санхүүгийн дэмжлэг олгоход эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Шинжлэх ухаан, технологийн зөвлөл дүгнэлт гаргана.
47.21.Энэ хуулийн 47.19-д заасан алслагдсан бүс нутагт эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, экспортлох үйл ажиллагаа эрхлэхэд эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дүгнэлт гаргана.
47.22.Энэ хуулийн 47.18, 47.19-д заасан харилцааг холбогдох хуулиар зохицуулна.
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ЗӨВЛӨЛ, ХОРООДЫН БҮРЭН ЭРХ, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦОО