51 дугаар зүйл. Эмийн зөвлөл, Эмнэлгийн хэрэгслийн зөвлөл
51.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд Эмийн зөвлөл, Эмнэлгийн хэрэгслийн зөвлөл тус тус ажиллана.
51.2.Энэ хуулийн 51.1-д заасан зөвлөл нь эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх орон тооны бус мэргэжлийн зөвлөл бөгөөд түүний дарга, нарийн бичгийн даргыг шууд, гишүүдийг сонгон шалгаруулалтаар 3 жилийн хугацаатайгаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно.
51.3.Эмийн зөвлөл, Эмнэлгийн хэрэгслийн зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
51.4.Энэ хуулийн 51.1-д заасан зөвлөл нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн зөвлөл, төрийн бус байгууллага, мэргэжлийн их, дээд сургуулийн төлөөллөөс бүрдсэн 13-15 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд нарийн бичгийн дарга саналын эрхгүй оролцоно.
51.5.Энэ хуулийн 51.1-д заасан зөвлөл, энэ хуулийн 51.7, 51.8-д заасан салбар зөвлөлийн гишүүн нь мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, ашиг сонирхлын зөрчилгүй байна.
51.6.Энэ хуулийн 51.4, 51.5-д заасныг үндэслэн Эмийн зөвлөл, Эмнэлгийн хэрэгслийн зөвлөлийн гишүүнийг эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нээлттэй сонгон шалгаруулна.
51.7.Эмийн зөвлөл нь эм судлалын, эм зүйн, биобэлдмэлийн, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний салбар зөвлөлтэй, Эмнэлгийн хэрэгслийн зөвлөл нь лабораторийн оношилгооны хэрэгслийн, эмнэлгийн тоног төхөөрөмжийн, эмнэлгийн хэрэглэгдэхүүний салбар зөвлөлтэй байна.
51.8.Салбар зөвлөл нь 7-9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд нарийн бичгийн дарга саналын эрхгүй оролцоно.
51.9.Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргыг шууд, гишүүнийг эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож, 3 жилийн хугацаатайгаар эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга томилно.
51.10.Энэ хуулийн 51.1-д заасан зөвлөл, түүний салбар зөвлөлийн ажлын албаны үүргийг эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гүйцэтгэнэ.
51.11.Энэ хуулийн 51.1-д заасан зөвлөл, түүний салбар зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан байх бөгөөд хуралдааныг танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулна. Зөвлөлийн гишүүдийн 70-аас дээш хувь нь оролцсон тохиолдолд тухайн хуралдааныг хүчин төгөлдөрт тооцно.
51.12.Энэ хуулийн 51.1-д заасан зөвлөл, түүний салбар зөвлөл нь аливаа асуудлыг нээлттэй хэлэлцэж, гишүүдийн нууц санал хураалтаар шийдвэр гаргах бөгөөд хуралдааны шийдвэр нь зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар хүчин төгөлдөр болно.
51.13.Эм, эмнэлгийн хэрэгслийн бодлогод өөрчлөлт оруулах, гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг зохицуулах тохиолдолд эмийн зөвлөл болон эмнэлгийн хэрэгслийн зөвлөл хамтран хуралдаж асуудлыг шийдвэрлэж болно.
51.14.Эмийн зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
51.14.1.эмийн үндэсний бодлогын асуудлаар санал, дүгнэлтийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
51.14.2.оношилгоо, эмчилгээнд хэрэглэх эм сонгох асуудлаар шийдвэр гаргах;
51.14.3.эм, эмийн үйлчлэгч бодис бүртгэх, өөрчлөлт оруулах, сунгах, түдгэлзүүлэх, хасах асуудлаар шийдвэр гаргах;
51.14.4.эм, эмийн үйлчлэгч бодис импортлох асуудлаар шийдвэр гаргах;
51.14.5.мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтыг өөрчлөх, хэрэглээнд хяналт тавих чиглэлээр мэргэжлийн шийдвэр гаргах;
51.14.6.эмийн эмнэлзүйн туршилт хийх асуудлаар шийдвэр гаргах.
51.15.Эмнэлгийн хэрэгслийн зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
51.15.1.эмнэлгийн хэрэгслийн үндэсний бодлогын асуудлаар санал, дүгнэлтийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
51.15.2.оношилгоо, эмчилгээнд хэрэглэх эмнэлгийн хэрэгсэл сонгох асуудлаар шийдвэр гаргах;
51.15.3.лабораторийн оношилгооны хэрэгслийг бүртгэх, бүртгэлд өөрчлөлт оруулах, сунгах, түдгэлзүүлэх, хасах, өндөр болон дунд эрсдэлтэй эмнэлгийн хэрэгслийг жагсаалтад оруулах, түүнд өөрчлөлт оруулах, жагсаалтаас хасах асуудлаар шийдвэр гаргах;
51.15.4.лабораторийн оношилгооны хэрэгслийн туршилт хийх асуудлаар шийдвэр гаргах;
51.15.5.эмнэлгийн тоног төхөөрөмжийн асуудлаар төлөвлөлтийн санал гаргах.
51.16.Энэ хуулийн 51.1-д заасан зөвлөл, түүний салбар зөвлөл дараах үүрэг хүлээнэ:
51.16.1.хөндлөнгийн нөлөөнд автахгүй, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, ашиг сонирхлын мэдүүлгийг тухай бүр мэдүүлж зөвлөлийн нарийн бичгийн даргад хүргүүлэх;
51.16.2.хуралдаанд оролцохгүй тохиолдолд нарийн бичгийн даргад мэдэгдэх.
51.17.Энэ хуулийн 51.1-д заасан зөвлөл, түүний салбар зөвлөл сард 1-ээс доошгүй удаа хуралдах бөгөөд нарийн бичгийн дарга хурлын төлөвлөгөө, холбогдох баримт бичиг, ашиг сонирхлын мэдүүлгийн хуудсыг хуралдаан болох өдрөөс 7 хоногийн өмнө дарга, гишүүдэд тараасан байна.
51.18.Энэ хуулийн 51.1-д заасан Эмийн зөвлөл, Эмнэлгийн хэрэгслийн зөвлөл, түүний салбар зөвлөлийн гишүүнийг дараах үндэслэлээр томилсон эрх бүхий этгээдийн шийдвэрээр чөлөөлнө:
51.18.1.үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн;
51.18.2.хурлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гурван удаа дараалан тасалсан;
51.18.3.чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан;
51.18.4.гэмт хэрэгт холбогдож гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон;
51.18.5.төлөөлж байгаа тал нь эргүүлэн татсан;
51.18.6.гишүүн нас барсан, хуулиар тогтоосон чөлөөлөх бусад үндэслэл гарсан.
51.19.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр энэ хуулийн 51.1-д заасан зөвлөлийг эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд шилжүүлэн ажиллуулж болно. Энэ тохиолдолд зөвлөлийн эрхийг эдэлж, үүргийг хэрэгжүүлнэ.
51.20.Эмийн зөвлөл, Эмнэлгийн хэрэгслийн зөвлөл тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.