52 дугаар зүйл. Фармакопейн хороо
52.1.Фармакопейн хороо дотоодын үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүллийг батлах, дугаар өгөх, хянах, өөрчлөлт оруулах, хугацаа сунгах, хүчингүй болгох шийдвэр гаргах чиг үүрэг бүхий төрийн байгууллага, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн орон тооны бус мэргэжлийн зөвлөл байна.
52.2.Фармакопейн хорооны ажлын албаны чиг үүргийг эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гүйцэтгэнэ.
52.3.Фармакопейн хороо тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
52.4.Фармакопейн хороо нь дарга, нарийн бичгийн дарга, 9 гишүүнээс бүрдэх бөгөөд тэдгээрийг эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга томилно.
52.5.Фармакопейн хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр хуралдаан байх бөгөөд хуралдааныг гишүүдийн 70-аас доошгүй хувийн ирцтэйгээр хүчин төгөлдөрт тооцож, гишүүдийн нууц санал хураалтаар шийдвэр гаргах бөгөөд хуралдааны шийдвэр нь хорооны гишүүдийн олонхын саналаар хүчин төгөлдөр болно.
52.6.Дотоодын үйлдвэрлэгч үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүллийг холбогдох стандарт, гадаад улсын фармакопейд нийцүүлэн боловсруулж, Фармакопейн хороогоор хэлэлцүүлнэ.
52.7.Үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүллийг Фармакопейн хорооны шийдвэрийг үндэслэн эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга баталж, 5 жил тутамд үзлэг хийж, шаардлагатай тохиолдолд өөрчлөлт оруулна.