8 дугаар зүйл. Анхдагч холбоо, түүний үйл ажиллагаа
8.1.Анхдагч холбоо нь хуульд заасны дагуу дараах үйл ажиллагаанд гишүүдийнхээ эрх, ашиг сонирхлыг илэрхийлж, зохион байгуулж оролцоно:
8.1.1.малчин өрхийн гишүүнийг боловсрол, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах;
8.1.2.гэрээгээр ашиглаж байгаа бэлчээр, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх;
8.1.3.малын чанар, ашиг шимийг сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах;
8.1.4.мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх, борлуулахад дэмжлэг үзүүлэх.
8.2.Анхдагч холбоо гишүүдийн бүртгэлийг хөтөлнө.
8.3.Анхдагч холбоо нь гишүүдэд төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүргэнэ.
8.4.Мал аж ахуйн үйлдвэрлэлийн цаг үеийн шинжтэй, нэмэлт ажиллах хүч шаардагдах ажлын үед анхдагч холбооны гишүүд харилцан тусалж, хамтран ажиллана.
8.5.Анхдагч холбооны малчин өрхийн гишүүн холбогдох хуульд заасны дагуу нөхөрлөл, хоршоо, компанийн үүсгэн байгуулагч, гишүүн, хувьцаа эзэмшигч байж болно.