10 дугаар зүйл. Эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлт, оношлуурын хангамжийн байгууллага
10.1.Эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлт, оношлуурын хангамжийн байгууллага /цаашид "хангамжийн байгууллага" гэх/ нь бүртгэлд бүртгэгдсэн, чанарын баталгаатай бүтээгдэхүүнээр мал эмнэлгийн байгууллагыг хүртээмжтэй, тогтвортой хангах зарчмыг үйл ажиллагаандаа баримтална.
10.2.Хангамжийн байгууллагад дараах байгууллага хамаарна:
10.2.1.үйлдвэр;
10.2.2.ханган нийлүүлэх байгууллага;
10.2.3.мал, амьтны эмийн сан /цаашид "эмийн сан" гэх/.
10.3.Энэ хуулийн 10.2.1, 10.2.2-т заасан байгууллага нь эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлт, оношлуурыг бөөний үнээр худалдан борлуулах салбар нэгж байгуулан ажиллаж болно.
10.4.Хангамжийн байгууллага нь үйл ажиллагаандаа зохистой дадлыг нэвтрүүлж, үндэсний стандартыг мөрдөж ажиллана.
10.5.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч хангамжийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавина.
10.6.Хангамжийн байгууллага нь үйлдвэрлэсэн, импортолсон эм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлтийн холбогдох баримт бичигт өөрчлөлт орсон тохиолдолд зах зээлд нэвтрүүлэхээс нэг сарын өмнө мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад мэдэгдэн, бүртгэлийг шинэчилсэн байна.
10.7.Хангамжийн байгууллагын байршил, барилга байгууламж, мэргэжлийн удирдлага, чанарын менежер өөрчлөгдсөн талаарх мэдээллийг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тухай бүр мэдэгдэнэ.
10.8.Хангамжийн байгууллага нь үйлдвэрлэсэн, импортолсон, нийлүүлсэн эм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлтийн жилийн тайланг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тухайн оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор хүргүүлнэ.
10.9.Биобэлдмэлийн улсын нөөц бүрдүүлэх, хадгалах, тээвэрлэх, хэвийн хорогдол тооцох, биоаюултай хог хаягдлыг эгүүлэн татах, устгах журмыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
10.10.Гамшгийн болон онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллага олон улсын чанарын шаардлага хангасан мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг гадаад улсын үйлдвэрлэгчээс, эсхүл олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авч болно.
10.11.Энэ хуулийн 10.2-т заасан хангамжийн байгууллагаас бусад хүн, хуулийн этгээд эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлт, оношлуур үйлдвэрлэх, импортлох, худалдах үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.