11 дугаар зүйл. Эм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлт, оношлуурын үйлдвэр
11.1.Эм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлт, оношлуурын үйлдвэр /цаашид "үйлдвэр" гэх/ гэж зориулалтын түүхий эд ашиглан стандарт, технологийн дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг ойлгоно.
11.2.Үйлдвэр нь дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:
11.2.1.үндэсний болон олон улсын стандартын шаардлага хангасан үйлдвэрлэлийн технологитой байх;
11.2.2.ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын байр, тоног төхөөрөмжөөр хангагдсан байх;
11.2.3.үйлдвэрлэлийн зохистой дадлын шаардлага хангасан байх;
11.2.4.эмийн түүхий эдийг бүртгэлд бүртгүүлсэн байх;
11.2.5.бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг бүрэн хариуцах чанарын хяналтын тогтолцоотой байх;
11.2.6.бүтээгдэхүүний цуврал бүрд хөндлөнгийн чанарын баталгаа гаргуулдаг байх;
11.2.7.бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошго нь стандартын шаардлага хангасан байх.
11.3.Үйлдвэрт дараах үйл ажиллагааг хориглоно:
11.3.1.бүртгэлд бүртгэгдээгүй эмийн түүхий эд хэрэглэх;
11.3.2.чанарын шаардлага хангаагүй түүхий эдээр үйлдвэрлэл явуулах;
11.3.3.бүтээгдэхүүнийг эмийн бус бүтээгдэхүүнтэй нэг байр, шугам, дамжлагаар үйлдвэрлэх;
11.3.4.хуурамч, стандартын бус бүтээгдэхүүн үйлдвэрлэх;
11.3.5.мал эмнэлгийн байгууллагыг бүтээгдэхүүн худалдаалсан үр дүнгээр урамшуулах буюу түүнтэй адилтгах үйл ажиллагаанд оролцуулах.
11.4.Энэ хуулийн 10.2.1, 10.2.2-т заасан хуулийн этгээд нь хэрэглэгчийн захиалгын дагуу чанарын баталгаатай биобэлдмэлийг мал эмнэлгийн байгууллагын хяналтын доор зах зээлд нийлүүлнэ.