12 дугаар зүйл. Эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлт, оношлуурын ханган нийлүүлэх байгууллага

МАЛ, АМЬТНЫ ЭМ, ТЭЖЭЭЛИЙН НЭМЭЛТИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлт, оношлуурын ханган нийлүүлэх байгууллага

12.1.Эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлт, оношлуурын ханган нийлүүлэх байгууллага /цаашид "ханган нийлүүлэх байгууллага" гэх/ гэж гэрээний үндсэн дээр эмийн санд бөөнөөр ханган нийлүүлэх хуулийн этгээдийг ойлгоно.

12.2.Ханган нийлүүлэх байгууллага нь үйл ажиллагаандаа холбогдох стандартыг мөрдөнө.

12.3.Ханган нийлүүлэх байгууллага нь дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:

12.3.1.мэргэжлийн боловсон хүчний чадавхтай байх;

12.3.2.импортолсон, ханган нийлүүлсэн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг бүрэн хариуцах дотоод хяналтын тогтолцоотой байх;

12.3.3.эмнэлгийн хэрэгсэлд шалгалт тохируулга, баталгаажуулалт хийлгэсэн байх;

12.3.4.эмийн санд эм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, тэжээлийн нэмэлтийг ханган нийлүүлэхдээ цуврал бүрийн чанарын баталгааны нотлох баримтыг дагалдуулах.

12.4.Мал эмнэлгийн байгууллага нь бүртгэлд бүртгэгдсэн, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, тэжээлийн нэмэлт, оношлуурыг тусгай зөвшөөрөл бүхий үйлдвэрлэгч, импортлогчоос гэрээний үндсэн дээр худалдан авна.

12.5.Эмнэлгийн хэрэгслийг импортлох, ханган нийлүүлэхэд тухайн бүтээгдэхүүний техникийн болон чанарын баталгаажуулалтын баримт бичгийг хавсаргасан байна.

12.6.Ханган нийлүүлэх байгууллага нийлүүлсэн эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал, суурилуулалт, сургалт, засвар үйлчилгээ, тохируулгыг баталгаат хугацаанд бүрэн хариуцна.

12.7.Ханган нийлүүлэх байгууллагад дараах зүйлийг хориглоно:

12.7.1.эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлт, оношлуурыг тусгай зөвшөөрөлгүйгээр импортлох;

12.7.2.бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаагүй, шошгогүй, хүчинтэй хугацаа дууссан эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлт, оношлуурыг нийлүүлэх;

12.7.3.мал эмнэлгийн байгууллагыг эм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, тэжээлийн нэмэлт худалдаалсан үр дүнгээр нь урамшуулах буюу түүнтэй адилтгах үйл ажиллагаанд оролцуулах;

12.7.4.хуурамч, эсхүл бүртгэлд бүртгэгдээгүй эм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлтийг импортлох, худалдах;

12.7.5.хадгалалт, түгээлт, ашиглалтын заавар, журам, стандарт зөрчих;

12.7.6.малчин, иргэнд эм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, тэжээлийн нэмэлтийг худалдах.

12.8.Мал эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт, тохируулга, баталгаажуулалттай холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Хэмжил зүйн тухай хууль болон бусад хууль тогтоомжоор зохицуулна.

Тайлбар: "эмнэлгийн хэрэгсэл" гэж мал, амьтны өвчин, эмгэгийг оношлох, эмчлэх, сувилах, сэргийлэх, бие махбодын бүтэц, үйл ажиллагааг хянах, орлох, сэргээн засах зорилгоор хэрэглэдэг мал эмнэлгийн болон эмийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, түүний дагалт эд зүйл, программ хангамжийг ойлгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.