13 дугаар зүйл. Эмийн сан
13.1.Эмийн сан гэж эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, тэжээлийн нэмэлтийг жижиглэнгийн үнээр худалдах үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг ойлгоно.
13.2.Эмийн сан нь үйл ажиллагаандаа холбогдох стандартыг мөрдөнө.
13.3.Эмийн санд эм барих эрх бүхий малын эмч, эсхүл мал эмнэлгийн эм зүйч ажиллана.
13.4.Эмийн сан нь үйлдвэр, ханган нийлүүлэх байгууллагаас эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, тэжээлийн нэмэлтийг гэрээний үндсэн дээр худалдан авна.
13.5.Мал, амьтны эмчилгээ, үйлчилгээнд хэрэглэх хүний эм, эмнэлгийн хэрэгслийн жагсаалтыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
13.6.Мал эмнэлгийн байгууллага, эмийн сан нь энэ хуулийн 13.5-д заасан жагсаалтад орсон эм, эмнэлгийн хэрэгслийг тусгай зөвшөөрөл бүхий хүний эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн байгууллагаас гэрээний үндсэн дээр худалдан авна.
13.7.Эмийн сангийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:
13.7.1.энэ хуулийн 13.3-т зааснаас бусад этгээдийг ажиллуулах;
13.7.2.эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, тэжээлийн нэмэлтийн хадгалалт, шошго, тээвэрлэлт, түгээлтийн журам зөрчих;
13.7.3.жороор олгох эмийг жоргүйгээр, эсхүл стандартын бус жороор олгох;
Тайлбар: "мал, амьтны эмийн жор" гэж малын эмчээс эмийн санч, эм зүйч, эм найруулагчид хандан мал, амьтанд зориулан бэлтгэх, олгох, хэрэглэх аргыг заасан баримт бичгийг ойлгоно.
13.7.4.хуурамч, эсхүл бүртгэлд бүртгэгдээгүй эм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, тэжээлийн нэмэлтээр үйлчлэх;
13.7.5.эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, тэжээлийн нэмэлтийг хүнд хэрэглэхээр олгох;
13.7.6.тусламж, хандиваар болон төсвийн хөрөнгөөр нийлүүлсэн эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, тэжээлийн нэмэлт, оношлуурыг үнэлэн худалдах.