4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."эм" гэж мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин эмгэгийг оношлох, эмчлэх зориулалттай эм судлал, эмнэлзүйн болон бусад сорилт, туршилтаар үйлдэл нь нотлогдсон нийлэг болон амьтан, ургамал, эрдсийн гаралтай тодорхой хэлбэр, тун, хэмжээтэй бүтээгдэхүүнийг;
4.1.2."биобэлдмэл" гэж Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4.1.8-д заасныг;
4.1.3."ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл" гэж бичил биетнийг идэвхгүйжүүлэх, устгах нийтлэг болон сонгомол үйлчилгээтэй дан болон нийлмэл бүтээгдэхүүнийг;
4.1.4."тэжээлийн нэмэлт" гэж мал, амьтны бие махбодын үйл ажиллагааг дэмжих, зохицуулах үйлчилгээ бүхий дан болон олон найрлагат бэлдмэлийг;
4.1.5."оношлуур" гэж мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн болон орчны сорьцын шинжилгээнд хэрэглэдэг тодорхой тун, хэмжээ, найрлага, өвөрмөц чанар, идэвх бүхий бүтээгдэхүүнийг;
4.1.6."эмийн түүхий эд" гэж Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4.1.36-д заасныг;
4.1.7."эмийн гол үйлчлэгч бодис" гэж тухайн эмийн үйлдлийг нөхцөлдүүлэгч дан ба нийлмэл бүрэлдэхүүнтэй биологийн идэвхт нэгдлийг;
4.1.8."эмийн туслах бодис" гэж эмийн гол үйлдлийг дэмжих, сөрөг нөлөөг бууруулах, амт, үнэрийг дарах ба нэмэгдүүлэх, эмийг хэлбэржүүлэх, найрлагыг тогтворжуулах, үйлдлийн ба хадгалах хугацааг уртасгах зэрэгт шаардлагатай бодисыг;
4.1.9."эм барих" гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.12-т заасныг;
4.1.10."цуврал" гэж үйлдвэрлэлийн технологийн нэг удаагийн шат дамжлагаар үйлдвэрлэгдсэн багцын тоо хэмжээг;
4.1.11."мал, амьтны эмийн бүртгэл" гэж эм зүй, эм судлалын ба бусад судалгааны үндсэн дээр урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээнд хэрэглэж болох нь нотлогдсон эмийн чанар, аюулгүй байдал, үр нөлөөг хянах, Монгол Улсын хэмжээнд хэрэглэх зөвшөөрөл олгох үйл ажиллагааг.
ЭМ, БИОБЭЛДМЭЛ, АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН БЭЛДМЭЛ, ЭМИЙН ТҮҮХИЙ ЭД, ТЭЖЭЭЛИЙН НЭМЭЛТИЙН БҮРТГЭЛ, БАТАЛГААЖУУЛАЛТ