5 дугаар зүйл. Мал, амьтны эмийн зөвлөл болон фармакопейн хороо
5.1.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд төрөөс эм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлтийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий орон тооны бус Мал, амьтны эмийн зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ болон фармакопейн хороо ажиллана.
5.2.Зөвлөл болон фармакопейн хорооны өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэг бүхий албан тушаалтан Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ажиллана.
5.3.Зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.3.1.эм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлтийг бүртгэх, өөрчлөлт оруулах, бүртгэлээс хасах;
5.3.2.шинээр зохион бүтээсэн эм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлтийн сорилтын ба эмнэлзүйн судалгаа, туршилтын дүнг хэлэлцэн шийдвэрлэх;
5.3.3.урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх зориулалттай эм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, тэжээлийн нэмэлтийг сонгох асуудлаар санал, зөвлөмж боловсруулах;
5.3.4.Монгол Улсад анх удаа импортлон бүртгүүлж байгаа эм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэлд эмнэлзүйн туршилт хийх шаардлагатай эсэхийг хэлэлцэх;
5.3.5.эм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлтийн талаар төрөөс баримтлах бодлогын асуудлаар санал, зөвлөмж боловсруулж, холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
5.3.6.тусгай зөвшөөрөл бүхий хангамжийн байгууллагын жилийн тайланг хэлэлцэх, дүгнэлт, зөвлөмж гаргах;
5.3.7.эмийн сэрэмжлүүлэг, аюулгүй байдал, болзошгүй эрсдэлийн асуудлаар мэргэжлийн зөвлөмж гаргах;
5.3.8.фармакопейн хорооны жилийн тайлантай танилцах.
5.4.Зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
5.5.Фармакопейн хороо нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.5.1.мал эмнэлгийн үндэсний ба үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүллийг хэлэлцэн батлах;
5.5.2.фармакопейн өгүүлэлд дугаар олгох;
5.5.3.фармакопейн өгүүллийн нэгдсэн бүртгэл хөтлөх;
5.5.4.фармакопейд нэмэлт, өөрчлөлт оруулах, эмхэтгэн хэвлэх;
5.5.5.фармакопейн өгүүллийг хүчингүй болгох;
5.5.6.фармакопейн өгүүллийг боловсруулахад мэргэжлийн зөвлөгөө өгч, хянан магадлах.
5.6.Зөвлөл болон фармакопейн хорооны үйл ажиллагаатай холбогдох зардлыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага жил бүрийн төсвийн төсөлд тусгана.
5.7.Фармакопейн хорооны ажиллах журам, бүрэлдэхүүнийг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
Тайлбар:"фармакопейн өгүүлэл" гэж эмэнд тавих шаардлага, чанарын үзүүлэлт болон тэдгээрийг шинжлэх аргыг заасан зайлшгүй мөрдөх баримт бичгийг, "фармакопей" гэж фармакопейн өгүүллийн эмхэтгэлийг тус тус ойлгоно.