11 дугаар зүйл. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс

11.1.Монгол Улс мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс /цаашид "виртуал бүс" гэх/-тэй байна.

11.2.Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх, виртуал бүсийн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий Үндэсний зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ ажиллах бөгөөд уг Зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа 3 жил байна.

11.3.Зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлж, дэд даргаар Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн ажиллана.

11.4.Зөвлөлийн бүрэлдэхүүн нь эдийн засгийн, санхүү, төсвийн, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын болон мэргэжлийн холбоо, хувийн хэвшлийн байгууллагын төлөөллөөс бүрдэнэ. Зөвлөлийн бүрэлдэхүүний 50-аас доошгүй хувь нь мэргэжлийн холбоо, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл байна.

11.5.Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд Зөвлөлийн шийдвэр нь тогтоол, зөвлөмж, мэдэгдэл хэлбэртэй байна.

11.6.Зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

11.6.1.мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, төсвийн төслийг хэлэлцэн батлах;

11.6.2.виртуал бүсийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, зөвлөмж гаргах;

11.6.3.энэ хуулийн 9.1.8-д заасан Зөвлөлийн ажлын албаны үйл ажиллагаанд хяналт тавих, чиглэл өгөх.

11.7.Зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журам болон виртуал бүсийн ажиллах журмыг Засгийн газар батална.

11.8.Зөвлөлийн бүрэлдэхүүн, үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.