12 дугаар зүйл. Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгч хуулийн этгээдийг виртуал бүсэд бүртгэх, бүртгэлээс хасах
12.1.Зөвлөлийн ажлын алба мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгч хуулийн этгээд /цаашид "хуулийн этгээд" гэх/-ээс Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.5.6-д заасан төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан цахим хэлбэрээр ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, ажлын 3 өдрийн дотор хянаж, дараах шаардлагыг хангасан тохиолдолд виртуал бүсэд бүртгэж, хариу мэдэгдэнэ:
12.1.1.хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээлэл;
12.1.2.хуулийн этгээдийн ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт;
12.1.3.хуулийн этгээдийн эхлэлтийн баланс, эсхүл өмнөх жилийн санхүүгийн тайлан.
12.2.Зөвлөлийн ажлын алба нь виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдтэй цахим хэлбэрээр гэрээ байгуулах бөгөөд уг гэрээний загварыг Зөвлөл батална.
12.3.Виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн нэр, эцсийн өмчлөгчийн мэдээллийг нээлттэй, ил тод байршуулна.
12.4.Зөвлөлийн ажлын алба нь бүртгэлтэй хуулийн этгээдийг дараах үндэслэлээр бүртгэлээс хасна:
12.4.1.хуулийн этгээд нь виртуал бүсэд бүртгүүлсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаанд гэрээ, дүрэмд заасан мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлээгүй;
12.4.2.мэдээллийн технологийн үйлдвэрлэлээс бусад төрлийн үйл ажиллагааг виртуал бүсээр дамжуулан эрхэлсэн;
12.4.3.гэрээ, дүрэмд заасан мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлсэн боловч дараалсан 12 сараас дээш хугацаанд үйл ажиллагаа нь өөрөөс хамаарах шалтгаанаар тасалдсан, зогссон;
12.4.4.Иргэний хуулийн 32.1-д заасны дагуу татан буулгасан.
ВИРТУАЛ БҮСЭД БҮРТГҮҮЛСЭН ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ