9 дугаар зүйл. Мэдээллийн технологийн үндэсний паркийн чиг үүрэг
9.1.Мэдээллийн технологийн үндэсний парк дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
9.1.1.дэвшилтэт технологийг хөгжүүлэх, экспортын чиг баримжаатай үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэхэд чиглэсэн судалгаа хийх, хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах;
9.1.2.мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд гаргахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, гарааны компанийн үйл ажиллагааг уялдуулах;
9.1.3.мэдээллийн технологийн тэмцээн, уралдаан зохион байгуулах, хүний нөөц бэлтгэх чиглэлээр дотоод, гадаадын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага болон хүн, хуулийн этгээдтэй хамтран ажиллах;
9.1.4.мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд биет болон биет бус хэлбэрээр хөрөнгө оруулалтыг татах;
9.1.5.үндэсний мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсад сурталчлах, гадаад аутсорсингийн үйлчилгээг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах;
9.1.6.мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүн, хуулийн этгээдээс худалдан авах нэг цонхны бүртгэлийн системийг хариуцан ажиллуулах;
9.1.7.мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгч хуулийн этгээдэд зориулан инкубатор, хамтын оффис ажиллуулах, инкубаторт элсэх хуулийн этгээдэд тавигдах шаардлагыг тодорхойлох;
9.1.8.мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн Зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг гүйцэтгэх;
9.1.9.мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд хуулийн этгээдийг бүртгэх, хуульд заасан үндэслэлээр бүртгэлээс хасах;
9.1.10.мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдийн зах зээлийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;
9.1.11.дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлэх мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ангилал, төрөл, зориулалт, зохиогчийн эрх болон бусад нэмэлт мэдээллийн хамт бүртгэх.