12 дугаар зүйл. Хотын нийтлэг чиг үүрэг
12.1.Хот нь дараах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ:
12.1.1.хууль тогтоомжид заасан хязгаарын хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох асуудал;
12.1.2.хотын орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хуваарилалт болон бусад сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, тайлан, хяналт;
12.1.3.хотын жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн менежмент;
12.1.4.хот байгуулалт, барилгын болон бусад стандарт, хяналт, зохицуулалт;
12.1.5.хотын аялал жуулчлалын бодлого, менежмент;
12.1.6.Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, төрийн захиргааны болон төрийн бусад байгууллага, гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад үзүүлэх дэмжлэг;
12.1.7.хуульд өөрөөр заагаагүй бол үндэсний болон олон улсын хэмжээний баяр наадам, хурал, соёл, урлаг, спортын болон бусад арга хэмжээний зохион байгуулалт;
12.1.8.олон улсын зорчигч болон ачаа тээвэр, логистикийн үйл ажиллагааны удирдлага, зохицуулалт;
12.1.9.түүх, соёлын дурсгалт газрын хадгалалт, хамгаалалт;
12.1.10.олон улсын болон орон нутгийн чанартай авто зам барих, түүний арчлалт, засвар, холбогдох үйл ажиллагаа;
12.1.11.олон улс, улсын чанартай болон тусгай зориулалттайгаас бусад авто зам, зогсоолын төлөвлөлт, хяналт, байршил;
12.1.12.хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт;
12.1.13.барилга байгууламж, авто зам, нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлэг болон бусад дэд бүтцийн засвар, арчлалт, цэвэрлэгээ, үйлчилгээ, хамгаалалт;
12.1.14.гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, орчны аюулгүй байдал;
12.1.15.хүнсний хангамж, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн хөтөлбөр, нийтлэг зохицуулалт;
12.1.16.хот, суурин газрын дахин төлөвлөлт;
12.1.17.хотын цахилгаан эрчим хүч, дулааны төвлөрсөн болон төвлөрсөн бус инженерийн хангамж;
12.1.18.сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааны зохицуулалт, хяналт;
12.1.19.харилцаа холбоо, цахилгаан, дулаан түгээх сүлжээ, цэвэр ус, бохир усны шугам болон хаягдал ус зайлуулах байгууламж, үерийн далан, суваг тэдгээрт хамааралтай барилга байгууламжийн төлөвлөлт, ашиглалт, хяналт;
12.1.20.ус, дулаан, цахилгаан хангах, түгээх, дамжуулах үйл ажиллагаа;
12.1.21.гадна болон явуулын зар сурталчилгааны зохицуулалт, хяналт;
12.1.22.нийтийн тээвэр, такси үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хотод тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээ;
12.1.23.гадаадын зээл, тусламжаар хотод хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хотын хариуцах хөрөнгө, зээлийн хүүгийн төлбөр;
12.1.24.хотын эдэлбэр газар дахь усны сан бүхий газрын хамгаалалт, тохижилт;
12.1.25.хотын эдэлбэр газар дахь дархан цаазат болон байгалийн цогцолбор, нөөц, дурсгалт газрыг иргэдийн аялах, амрах орчныг бүрдүүлэх зорилгоор тохижуулах, хамгаалах төсөл, арга хэмжээ;
12.1.26.хотын өөрийн мэдлийн орон сууцны ашиглалт, хуваарилалт;
12.1.27.хотын аж ахуйн нэгдмэл байдлыг хангаж, хотын аж ахуйн асуудал хариуцсан байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
12.1.28.хотын аж ахуйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээний үндсэн дээр хамтран ажиллах;
12.1.29.хотын өмч, хотод оршин суугчдын болон хуулийн этгээдийн бүртгэл;
12.1.30.эдэлбэр газрын хэмжээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төсөл;
12.1.31.хуульд заасан бусад.
12.2.Хот нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 69.1, 69.2-т заасны дагуу шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
12.3.Хот нь хууль, нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27.5-д заасан төрийн чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэж болно.
12.4.Энэ хуулийн 12.1-д заасан хотын нийтлэг чиг үүргээс хотын хороололд нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлж болно.
12.5.Хот нь хууль тогтоомжоор тусгайлан зохицуулаагүй эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой асуудлыг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно.