16 дугаар зүйл. Зөвлөлийн бүрэн эрх
16.1.Хотын Зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
16.1.1.хотын чиг үүрэгт хамаарахаар энэ хуулиар тогтоосон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх;
16.1.2.нийслэлд харьяалагдахаас бусад орон нутгийн зэрэглэлтэй хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах;
16.1.3.хотын Захирагчийн өргөн мэдүүлснээр хотын төсвийг хэлэлцэж батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлах;
16.1.4.хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох;
16.1.5.хотын өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх;
16.1.6.хотын өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх;
16.1.7.оршин суугчдын нийтлэг ашиг сонирхол, оролцоог хангах үүднээс санал асуулга зохион байгуулах шийдвэр гаргах;
16.1.8.аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үнэт цаас гаргах чиг үүргээ шилжүүлсэн тохиолдолд хотын Захирагчийн өргөн мэдүүлснээр хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэт цаас гаргах, зээл авах зөвшөөрөл олгох;
16.1.9.Зөвлөлийн даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах;
16.1.10.Зөвлөлийн хороо, ажлын хэсэг байгуулах, хорооны дарга, бүрэлдэхүүнийг сонгох, өөрчлөх;
16.1.11.хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг хэлэлцэж, үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх;
16.1.12.Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлж байгаа Захирагчийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх;
16.1.13.энэ хуульд заасан үндэслэлээр Захирагчийг чөлөөлөх, огцруулах;
16.1.14.захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлэх;
16.1.15.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
16.2.Энэ хуулийн 16.1.8-д заасан бүрэн эрх орон нутгийн зэрэглэлтэй хотын Зөвлөлийн бүрэн эрхэд хамаарахгүй.
16.3.Тосгоны Зөвлөл энэ хуулийн 16.1.4-т заасан албан татварын хувь хэмжээг тогтоох болон 16.1.8-д зааснаас бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
16.4.Зөвлөлийн бүрэн эрх дараах тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болно:
16.4.1.Зөвлөлийн нийт гишүүдийн олонх нь тухайн Зөвлөл бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж санал оруулсныг нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргавал тухайн Зөвлөл өөрөө тарах;
16.4.2.анхдугаар хуралдааныг товлон зарласнаас хойш 15 хоногийн дотор анхдугаар хуралдааныг хуралдуулж чадаагүй, эсхүл хуульд заасан хугацаанд төсвөөбатлаагүй, түүнчлэн хуралдаан зарлаж товлосон хугацаанаас хойш хуралдахгүй 60 хоног өнгөрсөн бол улсын зэрэглэлтэй хотын Зөвлөлийг Ерөнхий сайд, орон нутгийн зэрэглэлтэй хотын Зөвлөлийг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагч, тосгоны Зөвлөлийг харьяалах сум, дүүргийн Засаг дарга, эсхүл орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагч тараах шийдвэр гаргах.
16.5.Зөвлөлийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд ээлжит бус сонгуулийг 30 хоногийн дотор хуульд заасан журмын дагуу товлон зарлана.