18 дугаар зүйл. Зөвлөлийн хуралдаан
18.1.Зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Хуралдааны дэгийг Зөвлөл тогтоолоор батална.
18.2.Ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор сонгуулийн хороо хот, тосгоны Зөвлөлийн анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулна. Анхдугаар хуралдааныг хуралдаанд хүрэлцэн ирсэн насаар хамгийн ахмад гишүүн даргална.
18.3.Анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг тухайн Зөвлөлийн дарга хуралдаан эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна. Хуралдааныг Зөвлөлийн дарга, түүний эзгүйд Зөвлөлийн даргын санал болгосноор гишүүдийн аль нэг нь удирдана.
18.4.Зөвлөлийн хуралдаанд тухайн Зөвлөлийн нийт гишүүдийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно.
18.5.Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Зөвлөлийн гишүүн хуралдаанд оролцохгүй байх, түүнийг орхиж гарахыг хориглоно.
18.6.Зөвлөлийн ээлжит хуралдааныг сард нэг удаа зохион байгуулна.
18.7.Зөвлөлийн ээлжит бус хуралдааныг нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүйн саналаар, эсхүл Зөвлөлийн дарга, хот, тосгоны Захирагчийн санаачилгаар хуралдуулна.
18.8.Зөвлөлийн үйл ажиллагааны дотоод зохион байгуулалтын асуудлаар хороо, гишүүн Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх санал оруулах эрхтэй.
18.9.Энэ хуулийн 18.8-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж, хуралдаан болохоос ажлын гурваас доошгүй өдрийн өмнө Зөвлөлийн гишүүдэд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй.
18.10.Улсын болон хот, орон нутгийн шинжтэй асуудлаар гэнэтийн болон хойшлуулшгүй тохиолдолд Зөвлөл хуралдахад энэ хуулийн 18.9-д заасан хугацааг баримтлаагүй нь хуралдааны шийдвэрийг хүчингүйд тооцох үндэслэл болохгүй.