19 дугаар зүйл. Зөвлөлийн шийдвэр, түүнд хориг тавих

ХОТ, ТОСГОНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Зөвлөлийн шийдвэр, түүнд хориг тавих

19.1.Зөвлөл хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар батална.

19.2.Төсөв, татвартай холбоотой шийдвэр гаргах тохиолдолд Зөвлөлийн нийт гишүүдийн дийлэнх олонхын саналаар тухайн шийдвэрийг батална.

19.3.Тогтоолд Зөвлөлийн дарга, Зөвлөлийн даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдааныг даргалагч тус тус гарын үсэг зурна.

19.4.Зөвлөл Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хууль тогтоомж зөрчсөн, санхүүгийн эх үүсвэргүй шийдвэр гаргасан гэж үзвэл Захирагч тухайн шийдвэрт хориг тавина.

19.5.Хоригийг тухайн шийдвэр батлагдсан өдрөөс хойш ажлын таван өдөрт багтаан бичгээр тавих бөгөөд хориг тавих болсон үндэслэлийг тодорхой заана.

19.6.Зөвлөл хоригийг хүлээж авснаас хойш 15 хоногийн дотор хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх бөгөөд гишүүдийн дийлэнх олонх хүлээн зөвшөөрөөгүй бол тухайн шийдвэр, түүний холбогдох зүйл, хэсэг, заалтыг хүчин төгөлдөр дагаж мөрдөнө.

19.7.Зөвлөлийн шийдвэрт бүхэлд нь хориг тавьсан бол уг шийдвэрийн үйлчлэлийг бүрэн хэмжээгээр, хэсэгчлэн хориг тавьсан бол холбогдох зүйл, хэсэг, заалтын үйлчлэлийг хоригийг хэлэлцэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд түдгэлзсэнд тооцно.

19.8.Хот, тосгоны Захирагч Зөвлөлийн дараах шийдвэрт хориг тавихгүй:

19.8.1.тухайн Захирагчийн хориг тавьсан шийдвэрийг хүлээж авах эсэх;

19.8.2.Захирагчийг сонгох сонгуулийн тов тогтоох;

19.8.3.Зөвлөлийн бүрэн эрхийн хүрээнд эрх бүхий этгээдийг томилох, чөлөөлөх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.