23 дугаар зүйл. Зөвлөлийн гишүүний эрх, үүрэг
23.1.Зөвлөлийн гишүүн дараах эрхтэй байна:
23.1.1.асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох;
23.1.2.Зөвлөлийн хороонд харьяалагдах;
23.1.3.хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж хариулт авах, санал гаргах, санал хураалгах;
23.1.4.Зөвлөлийн хуралдаанд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах;
23.1.5.Зөвлөлөөс сонгосон, томилсон албан тушаалтны илтгэл, сонсголыг хэлэлцэх санал гаргах;
23.1.6.Зөвлөлийн шийдвэрийг оршин суугчдад тайлбарлан таниулах;
23.1.7.Зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг хангах, оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хот, тосгоны хөгжил, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Захирагчид асуулт, асуулга тавих;
23.1.8.хууль тогтоомжид заасан бусад эрх.
23.2.Зөвлөлийн гишүүн дараах үүрэгтэй байна:
23.2.1.оршин суугчидтай тогтмол холбоотой ажиллаж, тэдний өргөдөл, санал, гомдолд зохих журмын дагуу хариу өгөх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах;
23.2.2.гишүүн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэхээр бол тухайн асуудлыг хэлэлцэхэд оролцохоос татгалзах;
23.2.3.Зөвлөлийн гишүүний хувьд хийсэн ажлынхаа талаарх мэдээллийг Зөвлөлийн цахим хуудсаар болон бусад хэлбэрээр оршин суугчдад мэдээлэх;
23.2.4.хууль, Зөвлөлийн гишүүний ёс зүйн дүрмийг баримтлах.