34 дугаар зүйл. Тосгоны Захирагчийн бүрэн эрх
34.1.Тосгоны Захирагч нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
34.1.1.тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хууль тогтоомжид заасан журмаар батлуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
34.1.2.төсвийн ерөнхийлөн захирагчийн чиг үүргийг хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлж, төсвийг захиран зарцуулах;
34.1.3.тосгоны нийгэм, эдийн засгийн хөгжилд шаардлагатай санхүү, эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, нөөцийн болон газар ашиглалтын зэрэг мэдээ, тайланг тухайн хот, тосгоны холбогдох байгууллага, албан тушаалтнаар гаргуулах;
34.1.4.тосгоны өмчийг хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд захиран зарцуулж, тэдгээрийг шинээр бий болгох, түрээслүүлэх асуудлыг шийдвэрлэх;
34.1.5.оршин суугчдын хэрэгцээг хангахад чиглэгдсэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгоход тусламж дэмжлэг үзүүлэх;
34.1.6.тосгоны нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх талаар аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж, хүнсний болон өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх талаар гэрээ байгуулах;
34.1.7.тосгоны эдэлбэр газарт газар зохион байгуулалтын төлөвлөгөөний талаар санал гаргах, төлөвлөгөөг батлуулах;
34.1.8.тосгоны усны нөөцийг тогтоосон журмын дагуу ашиглуулах;
34.1.9.тосгоны ариун цэвэр, эрүүл ахуй-халдваргүйжүүлэлтийн арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах;
34.1.10.тосгоны ногоон бүсийг хамгаалах, сэргээх арга хэмжээ боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
34.1.11.тосгоны эрүүл ахуй, хэм хэмжээ зөрчсөн барилга байгууламжийг барьж ашиглахыг зогсоох асуудлыг эрх бүхий байгууллагад санал оруулан шийдвэрлүүлэх;
34.1.12.тосгоны дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих;
34.1.13.тосгоны тохижилтын ажилд аж ахуйн нэгж, байгууллагыг гэрээний үндсэн дээр, түүнчлэн оршин суугчдыг зохион байгуулж оролцуулах;
34.1.14.тосгоны худалдаа, үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хуваарийг тогтоох, эрүүл ахуйн шаардлагыг хангуулах;
34.1.15.боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, биеийн тамир, спортын үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлж, удирдан зохион байгуулах, хяналт тавих;
34.1.16.Зөвлөлөөс баталсан тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу арга хэмжээний төлөвлөгөө, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих;
34.1.17.тосгоны оршин суугчдын нийтлэг ашиг сонирхол, өмчийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах;
34.1.18.тосгоны шагналыг бий болгох санал гаргах;
34.1.19.тосгоны бэлгэдлийг тосгоны Зөвлөлөөр батлуулах;
34.1.20.тосгоныг төлөөлөх, бусад улсын хот, тосгонтой холбоо тогтоож харилцах;
34.1.21.Захирагчийн ажлын албаны ажилтныг томилж, чөлөөлөх;
34.1.22.тосгоны хэсгийн ахлагчийг томилж, чөлөөлөх;
34.1.23.хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг хариуцах;
34.1.24.тосгоны нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл цагийн хуваарийг батлан, түүнчлэн оршин суугчдад үйлчилж байгаа тээврийн бусад байгууллагын үйл ажиллагаанд болон төмөр зам, нисэх буудалд зорчигчдын үйлчилгээний зохион байгуулалтад хяналт тавих;
34.1.25.тосгоны Захирагчаар шийдвэрлүүлэхээр хууль, нийтийн эрх зүйн гэрээгээр тусгайлан шилжүүлсэн асуудлыг шийдвэрлэх;
34.1.26.тосгоныг төлөөлөн хуульд заасан болон өөрийн санаачилсан асуудлаар оршин суугчдын нийтлэг санал, хүсэлтийг авах ажлыг зохион байгуулах;
34.1.27.тосгоны үйл ажиллагааны тайланг жил бүр тосгоны Зөвлөлд тайлагнах;
34.1.28.эдэлбэр газрын хэмжээнд татварын нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг тайлбарлан таниулах, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд татварын албаны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах;
34.1.29.хууль тогтоомж, гэрээнд заасан бусад бүрэн эрх.