35 дугаар зүйл. Хот, тосгон, хотын хорооллын Захирагчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох
35.1.Хотын захирагчийг дараах үндэслэлээр хугацаанаас өмнө чөлөөлнө:
35.1.1.нас барсан;
35.1.2.чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан;
35.1.3.өвчний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гарсан;
35.1.4.өөр ажил, албан тушаалд томилогдсон.
35.2.Хотын Захирагчийг энэ хуулийн 35.1.2, 35.1.3, 35.1.4-т заасан тохиолдолд чөлөөлөх тухай асуудлыг хотын Зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
35.3.Энэ хуулийн 35.1.1-д заасан нөхцөл үүссэн бол хот, тосгон, хотын хорооллын Захирагчийн бүрэн эрх дуусгавар болсонд тооцно.
35.4.Дараах үндэслэлийн аль нэг нь бүрдсэн бол улсын зэрэглэлтэй хотын Захирагчийг Ерөнхий сайд, орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагчийг харьяалах дээд шатны Захирагч, эсхүл Засаг дарга огцруулна:
35.4.1.хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчиж шийдвэр гаргасан;
35.4.2.газар зохион байгуулалтыг хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлж хийгээгүй;
35.4.3.Төсвийн тухай хуулийн 70.3, 70.4-т заасан үндэслэл бүрдсэн;
35.4.4.хууль, гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр улсын зэрэглэлтэй хотын Захирагчийг Ерөнхий сайд огцруулах шаардлага тавьсан.
35.5.Хотын хорооллын Захирагчийг бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө хотын Захирагч энэ хуулийн 35.1.2, 35.1.3, 35.1.4-т заасан үндэслэлээр чөлөөлж, 35.4.1, 35.4.2-т заасан үндэслэлээр огцруулна.
35.6.Тосгоны Захирагчийг бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө тухайн тосгоны Зөвлөл энэ хуулийн 35.1.2, 35.1.3, 35.1.4-т заасан үндэслэлээр чөлөөлж, 35.4.1, 35.4.2, 35.4.3-т заасан үндэслэлээр огцруулна.
35.7.Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон тохиолдолд хот, тосгон, хотын хорооллын Захирагчийг огцорсонд тооцно.
35.8.Хот, тосгоны Захирагчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд ээлжит бус сонгуулийг 30 хоногийн дотор хуульд заасан журмын дагуу товлон зарлана.
ХОТ, ТОСГОНЫ ТӨСӨВ, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭС