13 дугаар зүйл. Хотын Зөвлөл, түүний бүрэн эрх

ХҮННҮ ХОТЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Хотын Зөвлөл, түүний бүрэн эрх

13.1.Хотын Зөвлөл есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байна.

13.2.Хотын Зөвлөлийн гурван гишүүн нь Хүннү хот дахь Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас сонгосон хөрөнгө оруулагчдын төлөөлөл байх ба тэдгээр нь дараах шаардлагыг хангасан байна: /Энэ хэсэгт 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.2.1.Монгол Улсын иргэн байх;

13.2.2.Хүннү хотод 10 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийсэн байх; /Энэ заалтад 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.2.3.татварын өргүй байх;

13.2.4.ял, шийтгэлгүй байх.

13.3.Энэ хуулийн 13.2-т зааснаас бусад зургаан гишүүнийг Хүннү хотын оршин суугчдаас сонгоно. /Энэ хэсэгт 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.4.Хотын Зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

13.4.1.хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэл, Хүннү хотын төсөв, хөтөлбөрийг хэлэлцэн батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих; /Энэ хзаалтад 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.4.2.хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

13.4.3.энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан хотын чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх;

13.4.4.хотын Захирагчийн тайланг сонсох, хэлэлцэх, дүгнэх;

13.4.5.хуульд өөрөөр заагаагүй бол Хүннү хотын чиг үүрэг хэрэгжүүлэх талаар заавар, журам, дүрэм батлах; /Энэ хэсэгт 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.4.6.хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд татвар, төлбөр, хураамж, урамшууллын хэмжээг тогтоох;

13.4.7.хотын өмчийн зүйлсийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх;

13.4.8.хотын өмчийн болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөх, татан буулгах;

13.4.9.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

13.5.Хотын Зөвлөл хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлэхээр баталсан захиргааны хэм хэмжээ агуулсан заавар, журам, дүрмийг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.

13.6.Хотын Зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Зөвлөл нь хуралдааны дэг, тэмдэглэл хөтлөх журмыг тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.