14 дугаар зүйл. Хотын Захирагч, түүний бүрэн эрх
14.1.Хотын Захирагчийг хотын оршин суугчдаас шууд, чөлөөтэй сонгуулийн үндсэн дээр сонгоно. Хотын Захирагчийн сонгуулийг хуулиар зохицуулна.
14.2.Хотын Захирагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
14.2.1.хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэл, хөтөлбөрийг боловсруулан Хотын Зөвлөлөөр батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулах;
14.2.2.хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
14.2.3.хотын төсвийг хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах;
14.2.4.хотын өмчийг хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд захиран зарцуулж, тэдгээрийг шинээр бий болгох, түрээслэх асуудлыг шийдвэрлэх;
14.2.5.хотын өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагааг чиглүүлж, удирдлагыг томилж, чөлөөлөх;
14.2.6.хуулиар хүлээлгэсэн хотын чиг үүргийг хэрэгжүүлэх, зохион байгуулах, үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн тайланг хотын Зөвлөлд тайлагнах, нийтэд мэдээлэх;
14.2.7.бүс нутаг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хот хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлж, дэмжлэг үзүүлэх, бусад улсын хоттой холбоо тогтоох, хамтран ажиллах;
14.2.8.хотод байгуулагдсан чөлөөт бүсийн Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх; /Энэ заалтыг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
14.2.9.хуульд заасан бусад.
14.3.Хотын Захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.
14.4.Хотын Захирагч тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудастай байна.
14.5.Хотын Захирагч ажлын алба болон харьяа газартай байна.
14.6.Хотын Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар, дүрмийг хотын Захирагч батална.