16 дугаар зүйл. Хотын хөгжлийн корпорац
16.1.Хотын газар хөгжүүлэлт, менежмент, бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах, хөрөнгө оруулах, төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг нийслэл, Төв аймгийн өмчийн оролцоотой Хүннү хотын хөгжлийн корпорац /цаашид "корпорац" гэх/ хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.2.Корпорац байгуулах асуудлыг нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.
16.3.Корпорацын төлөөлөн удирдах зөвлөл есөн гишүүнтэй байх ба сонгон шалгаруулалтын үндсэн дээр нийслэлийн Засаг дарга томилно.
16.4.Энэ хуулийн 16.3-т заасан төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний таваас доошгүй нь нийслэл хотын, хоёроос доошгүй нь Төв аймгийн, хоёроос доошгүй нь мэргэжлийн, хараат бус, хувийн хэвшлийн төлөөлөл байна.
16.5.Корпорацын дүрэм, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах журмыг Засгийн газар батална.
16.6.Корпорацын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна:
16.6.1.Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт гэм буруутай нь тогтоогдож байгаагүй;
16.6.2.гурваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, хот байгуулалт, хууль, санхүү, хөрөнгө оруулалт, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага, эдийн засаг, инженерийн мэргэжлээр дээд боловсролтой;
16.6.3.нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, корпорацын зорилго, ашиг сонирхолд нийцүүлэн ажиллах чадвартай;
16.6.4.сүүлийн 8 жилийн хугацаанд улс төрийн намын удирдах албан тушаал хашиж байгаагүй;
16.6.5.эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан аж ахуйн нэгж байгууллага нь дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон;
16.6.6.Компанийн тухай хуулийн 75.8-д заасан шаардлагыг хангасан;
16.6.7.ашиг сонирхлын зөрчилгүй;
16.6.8.татварын өргүй.
ХОТЫН ЭДИЙН ЗАСАГ