18 дугаар зүйл. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг

1.Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид нь тус тусын бүрэн эрхийн хүрээнд адил тэгш эрх эдэлнэ.

2.Маргагч талууд Цэцэд хянаж байгаа маргааны материалтай танилцах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах, тэмдэглэл хийх, нотлох баримтыг гаргаж өгөх, нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагаанд оролцох, хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан бүх асуудлын талаар өөрийн санал, дүгнэлтийг гаргах, маргаан хянан шийдвэрлэх хуралдаанд чөлөөтэй мэтгэлцэх, шаардлагатай гэж үзэж байгаа бол төгсгөлийн үг хэлэх, хүсэлт тавих болон Цэцийн хуралдааны тэмдэглэлийг авах эрхтэй. Маргагч тал хүсвэл Цэц хуралдааны тэмдэглэлээ цаас болон дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг болон цахим хэлбэрээр гарган өгнө.

/Энэ хэсгийг 2016 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийн "Цэцийн хуралдааны тэмдэглэлийг авах эрхтэй. Маргагч тал хүсвэл Цэц хуралдааны тэмдэглэлээ цаас болон дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг болон цахим хэлбэрээр гарган өгнө." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/

3.Оролцогч талууд Цэцийн хуралдааны бүрэлдэхүүнээс татгалзан гаргах саналыг хуульд заасан үндэслэлийн дагуу тавих эрхтэй.

4.Цэцэд өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргасан тал хянаж байгаа асуудлын хүрээнд Цэцийн хуралдаан зөвлөлдөхөөр завсарлахаас өмнө аль ч шатанд өөрийн шаардлагын үндэслэл, зүйлийг өөрчлөх, хэмжээг ихэсгэх, багасгах болон шаардлагаас бүхэлд нь буюу зарим хэсгээс нь татгалзах эрхтэй.

5.Маргаан хянан шалгах ажиллагаанд оролцож байгаа маргагч талууд өөрсдийн шаардлагын үндэслэл болон сөрөг шаардлагыг эсэргүүцэж байгаа үндэслэлээ батлах бичиг баримтыг бүрдүүлж, нөхцөл байдлыг нотлох үүрэгтэй.

6.Маргаан хянан шалгах ажиллагаанд оролцогч Цэцийн хуралдааны дэгийг чанд сахих, хуралдаан даргалагчид захирагдах үүрэгтэй.

7.Маргаан хянан шалгах ажиллагаанд оролцогч Цэцийн хуралдааны дэгийг дахин зөрчих, Цэц болон түүний гишүүдэд хуурамч бичиг баримт өгвөл Цэцийг хүндэтгээгүй үйлдэл гэж үзэж зохих хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.