20 дугаар зүйл. Цэцэд өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргах
1.Иргэн, байгууллага, албан тушаалтан Цэцэд өргөдөл, мэдээлэл, хүсэлтээ бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргах бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана: /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
1/өөрийн нэр, хаяг, оршин суугаа газар, харилцах хэлбэр;
2/түүний итгэмжилсэн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөр оролцох хүний нэр, хаяг, албан тушаал, бусад шаардлагатай мэдээлэл;
3/Үндсэн хуульд нийцээгүй гэж үзэж байгаа хууль тогтоомжийн нэр, батлан гаргасан он, сар, өдөр, дугаар, түүнчлэн Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа албан тушаалтны нэр, хаяг үйл ажиллагааны талаар;
4/өөрийн шаардлагын үндэслэл, бусад нөхцөл байдал, тэдгээрийн нотолгоо;
5/маргаж байгаа асуудлын талаархи өөрийн байр суурь;
6/Цэцээр шийдвэрлүүлэхээр тавьж байгаа шаардлага;
7/Үндсэн хууль болон энэ хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг үндэслэн Цэцэд хандаж байгаа;
8/хавсаргасан бичиг баримт болон холбогдох хүмүүсийн нэрсийн жагсаалт, тодорхой хаяг.
2.Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргасан этгээдийн итгэмжилсэн төлөөлөгч оролцох бол итгэмжлэл, түүнчлэн монгол хэлээс өөр хэл дээрх бичиг баримт хавсаргаж байгаа бол түүний орчуулгыг заавал хавсаргана.
3.Цэц нэргүй өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг хүлээж авахгүй.