21 дугаар зүйл. Цэцэд өргөдөл, мэдээлэл хүсэлтийг хүлээн авах

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Цэцэд өргөдөл, мэдээлэл хүсэлтийг хүлээн авах

1.Иргэн, байгууллага, албан тушаалтнаас Цэцэд гаргасан өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг Цэцийн дарга уг асуудлыг хянан шалгах гишүүнд хуваарилна.

2.Үндсэн хууль зөрчсөн тухай иргэнээс гаргасан өргөдөл, мэдээллийг хүлээн авсан гишүүн анхны шалгалтыг 14 хоногийн дотор хийж маргаан үүсгэх эсэхийг өөрийн санаачилгаар шийдвэрлэнэ.

3.Цэцэд хандах эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан хүсэлтийг хүлээн авсан Цэцийн гишүүн маргаан шууд үүсгэж шалгана.

4. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх талаархи Цэцийн гишүүний шийдвэрийг маргагч талууд эс зөвшөөрч гомдол бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан бол Цэцийн даргын тогтоолоор томилсон З гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэхийг шийдвэрлэж магадлал гаргана. /Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсгийн "... буюу Цэцийн аль нэг гишүүн ..., санал ..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 6 дугаар дүгнэлтээр 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./ /Монгол Улсын Их Хурлын 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 46 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./

5.Цэцийн гишүүн иргэнээс гаргасан өргөдөл, мэдээллийг урьдчилан шалгаж дор дурдсан үндэслэл байвал маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзаж тогтоол гаргана:

1/өргөдөл, мэдээлэл нь энэ хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй;

2/өргөдөл, мэдээлэл гаргагч нь Цэцэд хандах эрх бүхий этгээд биш;

3/өргөдөл, мэдээллээр тавьсан шаардлага Цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан биш;

4/уг маргааны талаар Цэцийн урьд гаргасан дүгнэлт, тогтоол хүчинтэй байгаа.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.