22 дугаар зүйл. Цэцийн гишүүн татгалзан гарах
1.Цэцийн гишүүнийг энэ хуульд зааснаас өөр үндэслэлээр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргаж үл болно.
2.Төвийг сахих зарчмыг хангах үүднээс Цэцийн гишүүн дараах үндэслэл байвал маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарна:
1/хянан хэлэлцэж байгаа асуудлыг урьд өмнө шүүхийн болон захиргааны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож байснаас хойш 2 жил өнгөрөөгүй бол;
2/маргагч талууд, тэдгээрийн төлөөлөгчидтэй ойрын төрөл садан бол;
/Дээрх 22 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2005 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3/Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэл байгаа бол.
/Энэ хэсгийг 2016 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл байвал Цэцийн гишүүн энэ тухай өөрөө мэдэгдэж маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үүрэгтэй. Маргагч талууд дээрх үндэслэлээр Цэцийн гишүүнийг татгалзан гаргах хүсэлт тавих эрхтэй.
4.Цэцийн гишүүн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах асуудлыг Цэцийн хаалттай хуралдаанаар хэлэлцэж магадлал гаргана.
5.Маргааныг шалгасан Цэцийн гишүүн татгалзан гарвал уг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг шинээр эхэлнэ. Цэцийн хуралдаанд оролцсон Цэцийн бусад гишүүдээс татгалзан гарвал хуралдааныг эхнээс нь явуулна.