23 дугаар зүйл. Цэцийн хуралдаанд бэлтгэх

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

23 дугаар зүйл. Цэцийн хуралдаанд бэлтгэх

1.Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байгаа гишүүн уг маргааныг Цэцийн хуралдаанд хэлэлцүүлэхээр дараахь ажиллагааг хийнэ:

1/маргагч талуудад өргөдөл, мэдээлэл, хүсэлт, гомдлын, хуулбарыг гардуулж, маргаанд оролцох итгэмжилсэн төлөөлөгчөө томилох тухай мэдэгдэх;

2/маргагч талуудад энэ хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, Цэцэд шинээр нотлох баримт гаргахад нь туслах;

3/маргагч талууд болон тэдгээрийн итгэмжилсэн төлөөлөгчийг асууж, тайлбар, тодорхойлолт гаргуулах;

4/маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой бичиг баримт, бусад мэдээллийг шаардан гаргуулах;

5/маргаантай холбогдол бүхий албан тушаалтан бусад хүмүүсийг асууж тодорхойлолт авах;

6/шаардлагатай бол эрдэмтэн, мэргэжилтэн оролцуулах, тусгай мэргэжлийн шинжээч томилон ажиллуулах, дүгнэлт гаргуулах;

7/гэрчээс тодорхойлолт авах;

8/нэг асуудлаар хоёр буюу хэд хэдэн өргөдөл, мэдээлэл, хүсэлт байгаа бол тэдгээрийг нэгтгэх, нэг өргөдөл, мэдээлэл, хүсэлтэд хоёр буюу хэд хэдэн өөр шаардлага тавьсан бол тэдгээрийг тусгаарлах тогтоол гаргах;

9/маргагч талууд харилцан ойлголцож өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргасан тал нь шаардлагаасаа сайн дураараа татгалзвал маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг татгалзах тогтоол гаргах;

10/цугларсан бичиг баримтад үндэслэн Цэцийн хуралдааны шийдвэрийн тэмдэглэх, тодорхойлох хэсгийн төслийг бэлтгэх;

11/маргааныг бүрэн гүйцэд, бодитой шийдвэрлэхэд шаардагдах бусад бэлтгэл ажиллагаа.

2.Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэснээс хойш хуралдаанд бэлтгэх ажиллагааг 30 хоногийн дотор гүйцэтгэх бөгөөд маргаан ээдрээ, төвөгтэй шалтгаанаар дээрхи хугацаанд дуусахгүй бол Цэцийн дарга 30 хүртэл хоногоор сунгаж болно.

3.Онц болон дайны байдал зарласан, түүнчлэн цэрэг хөдөлгөх шийдвэртэй холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх бэлтгэл ажиллагааг 3 хоногийн дотор гүйцэтгэнэ.

4.Онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудлыг хянан хэлэлцэх хуралдааны бэлтгэлийг хангахын тулд Цэцийн даргын тогтоолоор хоёр буюу хэд хэдэн гишүүнийг томилон ажиллуулж болно.

5.Байгууллага, албан тушаалтан, иргэн Цэцийн гишүүний шаардсан бичиг баримтыг хугацаанд нь гаргаж өгөх үүрэгтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.