145 дугаар зүйл. Гаалийн баталгаат агуулахад тавигдах шаардлага
145.1.Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч нь дараахь нөхцөл, шаардлагыг хангаж ажиллана:
145.1.1.агуулахын үйл ажиллагааны болон агуулахад нэвтрэх журмыг тогтоон мөрдөх;
145.1.2.агуулахын үйл ажиллагаанд хяналт тавих гаалийн албан тушаалтны ажиллах нөхцөлөөр хангасан байх;
145.1.3.агуулахад барааг оруулах, гаргахдаа гаалийн байгууллагын хяналт дор гүйцэтгэх;
145.1.4.агуулах эзэмшигч өөрийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас барааг дутаасан, гэмтээсэн, чанар байдлыг нь алдагдуулсан тохиолдолд бусдад учруулсан хохирлыг хуулийн дагуу барагдуулах;
145.1.5.агуулах нь гаалийн мэдээллийн сүлжээнд холбогдсон байх;
145.1.6.агуулахын барааны хөдөлгөөний бүртгэлийг хөтлөх, мэдээг тогтоосон хугацаанд гаалийн байгууллагад гаргаж өгөх;
145.1.7.зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд хадгалагдаж буй барааны чанар, бүрэн бүтэн байдлыг хангах;
145.1.8.агуулахад барааг төрөлжүүлэн хадгалж, нэр, төрөл, тоо хэмжээ, үлдэгдлийг заасан шошго тавьсан байх;
145.1.9.агуулах эзэмшигч нь барааг хадгалах хугацаа дуусахаас 14 хоногийн өмнө мэдүүлэгч, эсхүл холбогдох этгээдэд мэдэгдэж байх; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
145.1.10.агуулахыг бусад барилга байгууламжаас тусгаарлах, холбогдох стандарт техникийн нөхцөл, шаардлагын дагуу барааны чанарыг алдагдуулахгүйгээр хадгалах зориулалтын тоног төхөөрөмжөөр тоноглох, эрүүл ахуйн шаардлага хангасан байх.