18 дугаар зүйл. Визийн хүчинтэй байх хугацаа
18.1.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол нэг болон хоёр удаагийн орох виз нь гадаадын иргэн Монгол Улсын хилээр нэвтрэх хүртэл 150 хоногийн хугацаанд хүчинтэй байна. /Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
18.2.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол түр ирэгчид олгох олон удаагийн визийн хүчинтэй байх хугацаа нь 183 буюу 365 хоног байх бөгөөд түр ирэгчийн Монгол Улсад байх хугацаа нь 30 хоног байна.
18.3.Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэнд олгох олон удаагийн визийн хүчинтэй байх хугацаа нь оршин суух зөвшөөрлийн хугацаагаар тодорхойлогдоно. /Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
18.4.Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэнд олгосон гарах-орох визийн хүчинтэй байх хугацаа нь Монгол Улсаас гарснаас хойш 180 хүртэл хоног хүчинтэй байна. /Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
18.5.Визийн хуудсан дээр түүний хүчинтэй байх хугацааг нь он, сар, өдөр гэсэн дарааллаар зааж тэмдэглэнэ. /Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./