36 дугаар зүйл. Гадаадын иргэнийг саатуулах
36.1.Дор дурдсан үндэслэл байвал гадаадын иргэнийг саатуулж болно:
36.1.1.энэ хуулийн 35.2-т заасан хугацаанд гараагүй бол;
36.1.2.албадан гаргах ажиллагаанд саад учруулж, эсхүл гэмт хэрэг үйлдэж, зөрчил гаргаж болзошгүй бол;
36.1.3.паспорт буюу паспортыг орлох баримт бичиггүй, эсхүл хэн болох нь тогтоогдохгүй байгаа бол.
36.2.Энэ хуулийн 36.1.3-т заасан зөрчил гаргасан гадаадын иргэнийг мөн хуулийн 41.3-т заасан гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн шийдвэрээр зургаан цагаас илүүгүй хугацаагаар түр саатуулж болно. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
36.3.Энэ хуулийн 36.1-д заасан үндэслэлээр гадаадын иргэнийг шүүхийн шийдвэрээр 14 хүртэл хоногийн хугацаагаар саатуулж болох ба шаардлагатай тохиолдолд гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн уг хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно.
/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
36.4.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гадаадын иргэнийг саатуулахад гарсан зардлыг өөрөөр нь, эсхүл энэ хуулийн 10.1.2–т заасан баталгаа гаргасан иргэн, аж ахуй нэгж, байгууллагаар төлүүлж болно.
/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
36.5.Энэ хуулийн 36.1.1, 36.1.3-т заасан зөрчил гаргасан гадаадын иргэнийг тодорхой барьцаатайгаар саатуулахгүй байж болно.
36.6.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь саатуулсан гадаадын иргэний талаар гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 24 цагийн дотор мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
36.7.Нийслэлд болон хилийн боомтод гадаадын иргэнийг саатуулах байртай байх бөгөөд уг байрны дотоод журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.