37 дугаар зүйл. Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх

ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

37 дугаар зүйл. Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх

/Энэ зүйлийн гарчигт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

37.1.Гадаадын иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал дараахь үндэслэлээр Монгол Улсаас албадан гаргана:

37.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр бус буюу хуурамч баримт бичгээр нэвтэрсэн нь нотлогдсон;

37.1.2.оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн;

37.1.3.түр ирэгч нь виз, бүртгэлийн журмыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчиж хуульд заасан хариуцлага хүлээсэн; /Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

37.1.4.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан;

37.1.5.Сэтгэцийн өвчтэй болохыг нь эрүүл мэндийн байгууллага тогтоосон;

/Энэ заалтад 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

37.1.6.хуурамч баримт бичиг ашиглаж виз, оршин суух зөвшөөрөл авсан, эсхүл виз, оршин суух зөвшөөрлийг засварласан буюу хуурамчаар үйлдсэн;

37.1.7.эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан;

37.1.8.энэ хуулийн 35.1-д заасны дагуу Монгол Улсаас сайн дураараа гарах сануулгыг биелүүлээгүй;

37.1.9.нийгмийн хэв журмыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчиж хуульд заасны дагуу хариуцлага хүлээсэн гадаадын иргэний талаар цагдаагийн байгууллагаас үндэслэл бүхий санал ирүүлсэн; /Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

37.1.10.Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулж болзошгүй этгээд гэж холбогдох байгууллагаас үзсэн;

37.1.11.шүүхээр ял шийтгүүлсэн гадаадын иргэн ялаа эдэлж дууссан буюу ялаас чөлөөлөгдсөн, эсхүл тухайн гадаадын иргэнийг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу харьяалах улсад нь шилжүүлэхээр болсон;

37.1.12.түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн.

37.2.Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах тухай шийдвэрийг гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гаргана. Гадаадын иргэн нь албадан гаргасан үндэслэлээс хамааран 1-10 жилийн хугацаанд Монгол Улсад орох эрхгүй байна. /Энэ хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

37.3.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсаас албадан гаргаж байгаа гадаадын иргэний фото зураг, гарын хурууны хээг авч мэдээллийн сан бүрдүүлнэ.

/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

37.4.Энэ хуулийн 37.2-т заасан албадан гаргах тухай шийдвэрийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хил хамгаалах болон цагдаагийн байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.

/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

37.5.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь албадан гаргаж байгаа гадаадын иргэний тухай мэдээлэл, Монгол Улсад орохыг хориглосон хугацааг гадаадын иргэний мэдээллийн нэгдсэн санд оруулна. /Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ /Энэ хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ /Энэ хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

37.6.Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах зардлыг гадаадын иргэнээс өөрөөс нь, эсхүл уригчаас гаргуулах ба хэрэв төлбөрийн чадваргүй бол уг зардлыг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гаргана.

/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

37.7.Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах нь улс хооронд ялтан шилжүүлэх асуудалд үл хамаарна.

37.8.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь албадан гаргасан гадаадын иргэний талаар гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухай бүр мэдээлнэ.

/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

37.9.Энэ хуулийн 37.1.2, 37.1.12-т заасан зөрчил гаргасан гадаадын иргэн хувийн нөхцөл байдал, ар гэрийн гачигдал, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон, эсхүл эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүсэлт гаргасан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43.3 дугаар зүйлийн 1.6-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн албадан гаргахаас чөлөөлөх эсэхийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

37.10.Албадан гаргасан гадаадын иргэний Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга сунгаж болно. Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг сунгахтай холбоотой асуудлыг энэ хуулийн 9.2.3-т заасан журмаар зохицуулна. /Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.