6 дугаар зүйл. Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2022-11-11

6.1.Газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалтын талаар газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.газрын тосны бүтээгдэхүүний талаархи бодлогыг хэрэгжүүлэх;

6.1.2.газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэх, худалдах, тээвэрлэх, хадгалахтай холбоотой стандарт, дүрэм, журам, нормын төслийг боловсруулах;

6.1.3.газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэр, агуулах, түгээх станц барьж байгуулах, шинэчлэх зураг төсөлд техник, технологийн талаар дүгнэлт гаргах;

6.1.4.газрын тосны бүтээгдэхүүний барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход мэргэжлийн дүгнэлт гаргах;

6.1.5.газрын тосны бүтээгдэхүүний барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах комиссын бүрэлдэхүүнд ажиллах;

6.1.6.газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалтын талаар мэдээллийн сан бүрдүүлэх, бодлого зохицуулалтад шаардлагатай нэмэлт судалгаа, мэдээллийг холбогдох байгууллагаас гаргуулан авах;

6.1.7.газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэхэд шаардлагатай мэдээллийг Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн 14.1.5-д заасны дагуу холбогдох байгууллага болон төрийн захиргааны төв байгууллагад гаргаж өгөх, энэ талаар санал гаргах;

6.1.8.газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэх, худалдах, тээвэрлэх, хадгалах талаар сургалт явуулах, мэдээлэл арга зүйн туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх;

6.1.9.газрын тосны бүтээгдэхүүний олон улсын биржийн үнийг судлах, импортлогчийн нийлүүлэгчээс худалдан авах үнийг хянах.

6.2.Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 6.1-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад шаардлагатай гэж үзвэл холбогдох хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагатай хамтран хяналт тавьж, холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ИМПОРТЛОХ ҮЙЛДВЭРЛЭХ, ХУДАЛДАХ, ТЭЭВЭРЛЭХ, ХАДГАЛАХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.