7 дугаар зүйл. Газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох
7.1.Бүх төрлийн шатахууныг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр импортлох бөгөөд импортлогч дор дурдсан үүрэг хүлээнэ:
/Энэ хэсэгт 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.1.1.чанарын хувьд олон улсын стандартад нийцсэн газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох;
7.1.2.импортолсон бүтээгдэхүүн олон улсын стандартад нийцсэн эсэх талаар итгэмжлэгдсэн сорилтын лабораториор дүгнэлт гаргуулах;
7.1.3.бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эзэмшилдээ стандартын шаардлага хангасан агуулахтай байх;
7.1.4.газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр импортлох.
7.2.Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харъяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан агаарын хөлгийн түлшнээс бусад бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
7.3.Бүх төрлийн шатахуун импортлох тусгай зөвшөөрөл хүсэгч дараах баримт бичгийг бүрдүүлнэ: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
7.3.1.тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
7.3.2.нийлүүлэгчтэй байгуулсан гэрээ, орчуулгын хамт; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
7.3.3.бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ, орчуулгын хамт. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
7.4.Энэ хуулийн 7.3-т заасан тусгай зөвшөөрлийг бүх төрлийн шатахууны бөөний худалдаа эрхлэх, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
7.5.Бүх төрлийн шатахуун импортлох тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад энэ хуулийн 7.3-т зааснаас гадна Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 8-д заасны дагуу газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолтыг хавсаргана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./