8 дугаар зүйл. Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх
8.1.Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ.
8.2.Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийн технологи, тоног төхөөрөмж олон улсын стандартад нийцсэн байна.
8.3.Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч дараах баримт бичгийг бүрдүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
8.3.1.тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
8.3.2.үйлдвэрлэлийн төсөл буюу техник, эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн байх; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
8.3.3.мэргэжлийн байгууллагын дүгнэлт; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
8.3.4.түүхий эд нийлүүлэгчтэй байгуулсан гэрээ, орчуулгын хамт. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
8.4.Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:
8.4.1.үндэсний стандартад нийцсэн газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх;
8.4.2.газрын тосны бүтээгдэхүүний чанарын шинжилгээ, туршилт хийх итгэмжлэгдсэн лабораторитой байх;
8.4.3.үйлдвэрийн хаягдлыг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хор нөлөө үзүүлэхээргүй орчинд хадгалах, зайлуулах, устгах нөхцөлийг бүрдүүлэх.
8.5.Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад энэ хуулийн 8.3-т зааснаас гадна Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 8-д заасны дагуу газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолтыг хавсаргана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./