24 дугаар зүйл. Газар зохион байгуулалт, түүний санхүүжилт

ГАЗРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Газар зохион байгуулалт, түүний санхүүжилт

24.1.Газар зохион байгуулалт нь газрын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, газрын кадастр эрхлэх, газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, газрын эдийн засгийн чадавхи, нөөцийг нэмэгдүүлэх, газар зүйн болон газрын харилцааны таатай орчин бүрдүүлэх зорилго бүхий цогцолбор арга хэмжээ мөн.

24.2.Газар зохион байгуулалтын арга хэмжээг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ. /Энэ хэсэгт 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

24.3.Газар зохион байгуулалтын ажлын үнэлгээ, цахим систем болон орон зайн өгөгдлийн мэдээллийн сангаас үзүүлэх үйлчилгээ, лавлагаа, мэдээлэл авах үйлчилгээний хөлсний хэмжээг Засгийн газар тогтооно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

24.4.Газар зохион байгуулалт хийх тухай Засгийн газар, түүний эрх бүхий байгууллага, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэрийг холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллага биелүүлэх үүрэгтэй.

24.5.Газар зохион байгуулалтын үйл ажиллагааг дараахь журмаар санхүүжүүлнэ:

24.5.1.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэс тогтоох, өөрчлөх, улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах, бүс нутгийн хөгжлийн төлөвийг тодорхойлохтой холбогдсон газар зохион байгуулалтын үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг улсын төсвөөс;

/Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

24.5.2.аймаг, сум, нийслэл, дүүрэг, хот, тосгон, бусад суурины газар зохион байгуулалтын үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг орон нутгийн төсвөөс; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.5.3.иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшиж, ашиглаж байгаа газартаа хийлгэх газар зохион байгуулалтын үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг өөрийн хөрөнгөөр.

24.6.Энэ хуулийн 24.1-д заасан цогцолбор арга хэмжээг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем /цаашид “цахим систем” гэх/-ээр дамжуулан хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

24.7.Энэ хуулийн 18.1.8-д заасан журмаар газрыг төлөвлөх, олгох, кадастр эрхлэх, мониторинг хийх, төлбөр татвар ногдуулах, хаяг олгох зэрэг үйл ажиллагааг цахимаар эрхлэх, системийн удирдлага, тохиргоо, хөгжүүлэлт, аюулгүй байдал, хэрэглэгчийн эрх, үүрэг, хяналт тавих асуудлыг зохицуулна. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.