25 дугаар зүйл. Газар зохион байгуулалтын үндсэн баримт бичгүүд, тэдгээрт тавигдах шаардлага

ГАЗРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

25 дугаар зүйл. Газар зохион байгуулалтын үндсэн баримт бичгүүд, тэдгээрт тавигдах шаардлага

25.1.Газар зохион байгуулалтын үндсэн баримт бичгүүд нь дор дурдсан зүйлээс бүрдэнэ:

25.1.1.улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө;

25.1.2.аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө;

25.1.3.хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл;

25.1.4.сум, нийслэл, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.1.5.шинээр хот суурин байгуулах, атар газар эзэмших, тусгай хамгаалалттай газар нутгийг бий болгох, томоохон үйлдвэр, уурхай, зам, шугам сүлжээ, бүс нутгийг хамарсан олон улсын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх газар болон чөлөөт бүс байгуулахтай холбогдсон схем, техник эдийн засгийн үндэслэл, газар зохион байгуулалтын зураг, төслүүд;

25.1.6.газрын кадастрын зураг, бүртгэл, судалгаа, үнэлгээний материал.

25.2.Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд байгаль, газар зүйн нөхцөл, газрын нөөц, түүний экологи, эдийн засаг, орон зайн багтаамж, чадавхид зохицсон газрын менежментийн бодлогоор улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 16-20 жилийн хэтийн чиглэлийн баримжаатай зураг төслийн баримт бичиг байна.

25.3.Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь энэ хуулийн 25.2-т заасан хүрээнд боловсрогдсон 12-16 жилийн хугацаанд хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна.

25.4.Сум, нийслэл, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх, байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.5.Газрын кадастрын зураг, бүртгэл, судалгаа, үнэлгээний материалууд нь холбогдох хуулийн шаардлагыг хангасан байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.