32 дугаар зүйл. Газрын хэвлийг ашигт малтмал олборлох зориулалтаар ашиглахад тавих үндсэн шаардлага

ГАЗРЫН ХЭВЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

32 дугаар зүйл. Газрын хэвлийг ашигт малтмал олборлох зориулалтаар ашиглахад тавих үндсэн шаардлага

/Энэ зүйлийн гарчгийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Газрын хэвлийг ашигт малтмал олборлох зориулалтаар ашиглахдаа дараахь үндсэн шаардлагыг хангасан байвал зохино:

/Энэ хэсгийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

1/үндсэн болон түүнтэй хамт орших ашигт малтмал, түүний үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий бүрэлдэхүүн хэсгийг үр ашигтай иж бүрэн, бүрэн гүйцэд олборлох аргыг хэрэглэх;

2/ашигт малтмалын хаягдал, бохирдлыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, ордын зөвхөн баялаг хэсгийг нь сорчлон олборлохгүй байх;

3/ашигт малтмалын ордод хийвэл зохих гүйцээх болон ашиглалтын хайгуул, геологийн бусад ажил, түүнчлэн ашиглалтын геологи, маркшейдерийн ажлыг бүрэн гүйцэтгэж, техникийн зохих баримт бичгийг гүйцэд хөтлөх;

4/ашигт малтмалын нөөцийн байдал, хөдөлгөөн, хаягдал, бохирдлыг тооцож байх;

5/уулын ажлын явцад ашиглаж байгаа болон түүнтэй зэрэгцэн оршиж байгаа ордыг гэмтээхгүй байх, нөөцөд үлдээсэн ашигт малтмалыг хадгалж хамгаалах;

6/үйлдвэрлэлийн явцад дайвраар олборлосон бөгөөд ашиглаагүй байгаа ашигт малтмал, ашигтай бүрэлдэхүүн хэсгийг агуулсан үйлдвэрлэлийн хаягдлыг бүртгэх, хадгалах;

7/уулын малталтын чулуулаг, үржил шимтэй хөрс, үйлдвэрлэлийн хаягдлыг зөв зохистой ашиглах байршуулах;

8/ажиллагчид болон хүн амын аюулгүй байдлыг хангах, газрын хэвлий, байгаль орчны бусад объект, барилга байгууламжийг хамгаалах, аюул ослоос урьдчилан сэргийлэх, аюул ослын үр дагаврыг арилгах төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх, ордыг ашиглаж дууссаны дараа тогтоосон журмын дагуу дарах буюу улс ардын аж ахуйн хэрэгцээнд цаашид ашиглаж болохуйцаар засаж тохижуулах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.