42 дугаар зүйл. Ашигт малтмал бүхий талбайд барилга байгууламж барих нөхцөл
1.Барилга байгууламж барих талбайн газрын хэвлийд ашигт малтмал байхгүй тухай дүгнэлтийг геологийн байгууллагаас авалгүйгээр хот, суурин газар, үйлдвэрийн цогцолбор, барилга байгууламжийн зураг төсөл зохиох буюу тэдгээрийг барихыг хориглоно.
2.Ердийн ашигт малтмалаас бусад ашигт малтмал бүхий талбайд барилга байгууламж барих, мөн ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барилга байгууламж барих зөвшөөрлийг гагцхүү онцгой тохиолдолд геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно. Энэ тохиолдолд газрын хэвлийгээс ашигт малтмал олборлох боломжийг хангасан байвал зохино.
3.Ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлий ашиглах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.28-д заасны дагуу тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./