43 дугаар зүйл. Шинжлэх ухаан, түүх, соёлын онцгой үнэт зүйлийг агуулсан газрын хэвлийн хэсгийг хамгаалах
1.Геологийн ховор илэрц, эрдэсжилтийн онцгой тогтоц, палеонтологийн болон шинжлэх ухаан, түүх, соёлын хувьд онцгой үнэт зүйл бүхий газрын хэвлийн хэсгийг төрийн хамгаалалтад авна. Төрийн хамгаалалтад авсан газрын хэвлийн хэсгийн бүрэн бүтэн байдалд харшлах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
2.Газрын хэвлийг ашиглах явцад геологийн ховор илэрц, эрдэсжилтийн онцгой тогтоц, солир, палеонтологи, археологийн болон шинжлэх ухаан, түүх соёлын хувьд сонирхол татах бусад зүйл илэрвэл газрын хэвлийг ашиглагчид ажлаа зогсоож, энэ тухай төрийн зохих байгууллагад нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.