53 дугаар зүйл. Газрын хэвлийн ашиглалт, хамгаалалтад тавих төрийн хяналтыг хэрэгжүүлэх
1.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дор дурдсан журам шаардлагын биелэлтийг хянаж, илэрсэн зөрчлийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна:
1/ашигт малтмалын ордын ашиглалтын байдал, газрын хэвлийн хамгаалалтын шаардлагын биелэлт;
2/олборлох үйлдвэрийн газар ашигт малтмалын нөөцийг бүртгэх, балансаас цаг тухайд нь хасах талаар тогтоосон журмыг биелүүлж байгаа байдал;
3/газрын хэвлийг ашиглах аюулгүй ажиллагааны дүрэм, хэм хэмжээний биелэлт;
4/газрын хэвлийг ашиглахад гарч болзошгүй аюул, хортой нөлөөнөөс хүн ам болон мал, ан амьтан, байгаль орчин, барилга байгууламж, ашиглаж байгаль болон нөөцөд үлдээсэн уулын малталт, өрөмдлөгийн цооногийг хамгаалах, аюул осолгүй байдлыг хангах арга хэмжээний биелэлт;
5/газар доор хадгалсан нефть, хий, материал, хамгаалан булсан хортой болон бусад бодис, үйлдвэрлэлийн хаягдал, бохир ус газрын гадаргад болон уулын малталт, усны обьектод нэвтрэхээс сэрэмжлэн хамгаалах талаар тогтоосон журам, тавьсан шаардлагын биелэлт;
6/ашигт малтмалын орд ашиглах явцад геологи, маркшейдерийн ажил гүйцэтгэх зааврыг биелүүлж байгаа байдал.
2.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дор дурдсан эрх эдэлнэ:
1/аюулгүй ажиллагааны болон газрын хэвлийг хамгаалах журам, хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд түүнийг ашиглахтай холбогдсон ажлыг түр зогсоох;
2/газрын хэвлийг дур мэдэн ашиглах болон ашигт малтмал бүхий талбайд барилга байгууламж дур мэдэн барихыг зогсоох;
3/аюулгүй ажиллагааны болон газрын хэвлийг хамгаалах журмыг гажуудуулсан зөрчлийг арилгуулах тухай заавал биелүүлэх шаардлагыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтанд тавьж биелэлтийг хангуулах;
4/газрын хэвлийг ашиглах явцад гарсан аюул ослын нөхцөл, шалтгааныг шалган тогтоож, түүний дүнг үндэслэн холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын эрх баригчдаас заавал биелүүлбэл зохих заалт, шийдвэр гаргах.
3.Засгийн газар нь газрын хэвлийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавих үүргийг холбогдох бусад байгууллагад хариуцуулах замаар аюулгүй ажиллагааны болон газрын хэвлийг хамгаалах журам, хэм хэмжээг зөрчихөөс сэргийлэх, зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авч хэрэгжүүлж болно.
/Энэ хэсгийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/