10 дугаар зүйл. Геодезийн байнгын цэг, тэмдэгт

ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Геодезийн байнгын цэг, тэмдэгт

10.1.Геодезийн байнгын цэг, тэмдэгт нь төрийн өмч байна.

10.2.Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн геодезийн байнгын цэг, тэмдэгт байрлуулсан бол уг цэг, тэмдэгтийн байрлаж байгаа сум, дүүргийн Засаг даргад, хилийн зурваст бол хил хамгаалах ерөнхий газрын харьяа тусгай ангийн удирдлагад хүлээлгэж өгнө.

/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.3.Байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь геодезийн байнгын цэг, тэмдэгт байрлаж байгаа газарт барилга байгууламж барих, газар шорооны ажил хийхдээ сум, дүүргийн Засаг дарга буюу хил хамгаалах ерөнхий газраар уламжлан геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авна. Уг цэг, тэмдэгтийг хөдөлгөх, нүүлгэн шилжүүлэх зайлшгүй шаардлага гарвал түүнийг сэргээн босгох зардлыг хүсэлт гаргасан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн хариуцна.

/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12 өдрийн хууль, 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.4.Геодезийн байнгын цэг, тэмдэгтийг арчлан хамгаалахад дараахь журмыг баримтална:

10.4.1.тухайн цэг, тэмдэгт байрлаж байгаа газар, барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь түүнийг хамгаалах, геодезийн үйл ажиллагааг саадгүй явуулах нөхцөлийг бүрдүүлнэ;

10.4.2.нутаг дэвсгэртээ байгаа геодезийн байнгын цэг, тэмдэгтийн бүрэн бүтэн байдлыг сум, дүүргийн Засаг дарга хариуцна;

10.4.3.хилийн зурваст байгаа геодезийн байнгын цэг, тэмдэгтийн бүрэн бүтэн байдалд хил хамгаалах ерөнхий газар, тухайн цэг, тэмдэгт байрлаж байгаа нутаг дэвсгэр дэх хилийн отряд хяналт тавина;

/Энэ заалтыг 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

10.4.4.геодезийн байнгын цэг, тэмдэгтийг гэмтээсэн, устгасан, хэмжилт хийх нөхцөлийг алдагдуулсан тохиолдолд Засаг дарга, хил хамгаалах ерөнхий газар нь геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулна.

/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12 өдрийн хууль, 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.