9 дугаар зүйл. Геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн сан

ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн сан

9.1.Геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн сан /цаашид "нэгдсэн сан" гэх/ нь геодезийн сүлжээний, байр зүйн зургийн, агаар, сансрын зургийн, газар зүйн нэрийн болон кадастрын тухай мэдээлэл, тэдгээртэй холбогдох бусад тоон мэдээллээс бүрдэнэ. Нэгдсэн сан нь төрийн өмч байна.

9.2.Байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь улсын болон орон нутгийн төсөв, төрийн байгууллага хэрэгжүүлж буй төслийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлынхаа тайлан, эх материал, солбицлын жагсаалт (каталог), бүдүүвч зураг, бичлэг, бусад тоон мэдээллийг нэгдсэн санд үнэ төлбөргүй шилжүүлнэ.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.3.Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хөрөнгөөр гүйцэтгэсэн геодези, зураг зүйн ажлын тайлан, бусад материалыг худалдан авч болно.

/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.4.Нэгдсэн сан дараахь зүйлээс бүрдэнэ:

9.4.1.геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад байгаа газрын зураг, хэвлэлийн эх, гэрэл зургийн хальс, тайлан, солбицолын жагсаалт (каталог), бусад тоон мэдээлэл;

/Энэ заалтад 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.4.2.энэ хуулийн 9.2-т заасны дагуу байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс ирүүлсэн материал;

9.4.3.бусдад худалдах, олшруулах эрхгүйгээр байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс худалдан авсан, энэ хуулийн 9.4.1, 9.4.2-т зааснаас бусад онц чухал материал;

9.4.4.байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс өөрсдийн үйл ажиллагаа, бүтээлийг сурталчлах зорилгоор нэгдсэн санд ирүүлж байгаа зураг, тоон мэдээлэл, тоног төхөөрөмжийн тухай танилцуулга.

9.5./Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.