11 дугаар зүйл. Газар зүйн нэр
11.1.Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг газар зүйн албан ёсны нэрийн тухай мэдээллээр хангах, газар зүйн нэрийг зөв бичих, хэрэглэх, хамгаалах асуудлыг сум, дүүргийн Засаг дарга, геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэн хамтран зохицуулна.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12 өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
11.2.Газар зүйн нэрийн жагсаалт зохиох, толь бичиг, лавлах боловсруулж хэвлэх, нэрийг зөв бичих, шинээр өгсөн нэр болон нэрийн өөрчлөлтийн бүртгэл хөтлөх, газрын зурагт тусгах зэрэг ажлыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь шинжлэх ухааны болон холбогдох бусад байгууллагын санал авч хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12 өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
11.3.Газар зүйн нэрэнд дараахь обьектын нэр хамаарна:
11.3.1.эх газар, далай, тэнгис, булан, тохой, арал, хойг, уул, нуруу, хээр, тал, говь, цөл, мөрөн, гол, нуур зэрэг физик газар зүйн объект;
11.3.2.хүний үйл ажиллагаагаар бий болсон далан, усан сан, суваг, шуудуу;
11.3.3.улс, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, тэдгээрийн доторх хөдөө аж ахуй, үйлдвэр, тээвэр, холбоо зэрэг бусад объект.
11.4.Газар зүйн хуучин нэрийг тодотгох, шинээр тогтоохдоо лавлагааны болон түүхийн эх сурвалжид үндэслэх бөгөөд аливаа эх сурвалж байхгүй бол нутгийн уугуул иргэд, мэргэжлийн хүмүүс, судлаачдын саналыг үндэслэн тогтооно.
11.5.Шинээр байгуулсан объектыг нэрлэхэд дараахь зарчим баримтална:
11.5.1.тухайн объектыг нээх, судлах, барьж байгуулахад оролцсон буюу эзэмшиж байгаа хүний нэрээр нэрлэх;
11.5.2.газар зүйн хуучин нэрээр нь зүг чиг, өнгө, цаг хугацааны тодотголтой нэрлэж болох;
11.5.3.ойролцоо орших өөр төрлийн объектууд нь ижил нэртэй байж болох.
11.6.Газар зүйн нэрийг дараахь онцгой тохиолдолд өөрчилж болно:
11.6.1.адил төрлийн хэд хэдэн объектын ижил нэр нь зам, тээвэр, харилцаа холбоо, бусад байгууллагын ажилд хүндрэл учруулахаар байвал;
11.6.2.уугуул иргэд нь нэрлэж заншсан уламжлалт нэрийг сэргээх хүсэлт тавьсан;
11.6.3.тухайн объектын мөн чанарт тохирохгүй, этгээд хэллэгээр нэрлэгдсэн байвал.
11.7.Шинээр нэрлэх, өөрчлөх газар зүйн нэр дараахь шаардлагыг хангасан байна:
11.7.1.хүрээлэн буй орчин, газар зүйн объектын тодорхой шинж, түүх, соёл, ахуйн онцлогийг тусгасан байх;
11.7.2.монгол хэлний бичлэг, хэллэгт тохиромжтой гурваас илүүгүй үгээс бүтсэн байх.
11.8.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид хамаарах газар зүйн нэрийг Засгийн газар нэгтгэн Улсын Их Хурлаар батлуулна.