6 дугаар зүйл. Байгууллага, аж ахуйн нэгж, иргэний үүрэг
6.1.Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгж, иргэн дараахь үүрэгтэй:
6.1.1.геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх эрх тусгай зөвшөөрөл авсан байх;
/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
6.1.2.хэмжлийн багажиндаа баталгаажуулалт хийлгэх;
6.1.3.хэмжлийг солбицол, өндрийн улсын нэгдсэн тогтолцоонд хийх.
6.2.Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгж, иргэн нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаас гадна дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.2.1.үйл ажиллагаандаа ашиглах хэмжилт, боловсруулалтын багаж хэрэгслийн жагсаалт, хувийн дугаар, гэрчилгээ;
6.2.2.мэргэжлийн боловсон хүчин болон тэдний дадлага туршлагын талаарх тодорхойлолт;
6.2.3.заавар, стандарт болон техникийн баримт бичгийн жагсаалт.
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/