69 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх
69.1.Зохицуулах хороо тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр түдгэлзүүлнэ:
69.1.1.энэ хуулийн 67.1-д заасан үндэслэлийн аль нэг нь илэрсэн;
69.1.2.тусгай зөвшөөрөл олгосноос хойш 6 сарын дотор үйл ажиллагаагаа эхлээгүй, эсхүл үйл ажиллагаагаа зогсоосон;
69.1.3.тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөрийг төлөх хугацаа өнгөрснөөс хойш 2 сарын дотор төлөөгүй.
69.2.Тусгай зөвшөөрлийг дараахь хугацаагаар түдгэлзүүлнэ:
69.2.1.Зохицуулах хорооноос тогтоосон хугацаагаар;
69.2.2.Зохицуулах хорооноос тавьсан шаардлага, өгсөн даалгаврыг биелүүлэх хүртэл.
69.3.Энэ хуулийн 69.2.1-д заасан хугацаа нь 6 сараас хэтрэхгүй.
69.4.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлснээс хойш энэ хуулийн 69.2.2-т заасан шаардлагыг 6 сарын дотор биелүүлээгүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.
69.5.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхээс өмнө Зохицуулах хороо тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх үндэслэлийг заасан мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бичгээр, эсхүл энэ хуулийн 19.2-т заасан цахим хэлбэрээр хүргүүлж, хүргэсэн огноог тэмдэглэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
69.6.Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 69.5-д заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзсэн тухай тайлбараа Зохицуулах хороонд бичгээр, эсхүл энэ хуулийн 19.2-т заасан цахим хэлбэрээр ирүүлээгүй бол тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
69.7.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тохиолдолд дараахь агуулга бүхий мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бичгээр, эсхүл энэ хуулийн 19.2-т заасан цахим хэлбэрээр хүргүүлнэ: /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
69.7.1.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тухай;
69.7.2.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн үндэслэл, түдгэлзүүлж эхэлсэн огноо;
69.7.3.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаа.