76 дугаар зүйл. Даатгагчийн дампуурал
76.1.Даатгагчид дампуурлын хэрэг үүсгэхтэй холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй харилцааг Дампуурлын тухай хуулийн дагуу зохицуулна.
76.2.Шүүх дараахь асуудлын талаар Зохицуулах хороонд мэдэгдэх бөгөөд Зохицуулах хороо уг асуудлыг хэлэлцэхэд оролцох, тайлбар өгөх эрхтэй:
76.2.1.Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу даатгагчид дампуурлын хэрэг үүсгүүлэх тухай шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлт;
76.2.2.Дампуурлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу даатгагчид дампуурлын хэрэг үүсгэсэнтэй холбоотой гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гаргаж буй аливаа гомдол;
76.2.3.даатгагчийн дампууралтай холбоотой Дампуурлын тухай хуулийн дагуу шүүхээс шийдвэрлэж буй бусад асуудал.
76.3.Даатгагчид дампуурлын хэрэг үүсгэх хүсэлт гаргасан тохиолдолд Зохицуулах хороо Дампуурлын тухай хуулийн 5.7-д заасан хэрэг гүйцэтгэгчийг түр томилуулахаар хүсэлт гаргаж болох бөгөөд түүнд тохирох мэргэжил, дадлага туршлага бүхий хүнийг санал болгож болно.
76.4.Даатгагч дампуурсан тухайгаа зарласан тохиолдолд Зохицуулах хороо тохирох мэргэжил, дадлага туршлага бүхий хүнийг хэрэг гүйцэтгэгчээр томилуулахаар шүүхэд санал тавих бөгөөд энэ тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 8.2 дахь хэсэг үйлчлэхгүй.
76.5.Шүүх Зохицуулах хорооноос санал болгосон этгээдийг хэрэг гүйцэтгэгчээр томилж болно.
76.6.Хэрэг гүйцэтгэгч болон хэрэг гүйцэтгэгчээр түр томилогдсон этгээд нь Дампуурлын тухай хуулийн 11.2-т заасан шаардлагыг хангасан байхаас гадна даатгалын компанийн үйл ажиллагааны онцлогийн талаар зохих мэдлэгтэй байна.
76.7.Зохицуулах хороо нь Дампуурлын тухай хуулийн 8.3.3, 8.3.4, 8.3.6-д заасан асуудлаар шийдвэр гаргах эрхтэй.
76.8.Хэрэг гүйцэтгэгч нь өөрийн үйл ажиллагааны тухай Зохицуулах хорооны шаардлагатай гэж үзсэн мэдээлэл, тайланг гаргаж өгөх үүрэгтэй.
76.9.Зохицуулах хороо хариуцагч болон хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагааны талаар шүүхэд хэдийд ч гомдол гаргах эрхтэй.
76.10.Хариуцагч нь даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа бол Дампуурлын тухай хуульд заасан аливаа хугацааг шүүх өөрийн үзэмжээр сунгах эрхтэй.