12 дугаар зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх
12.1.Монгол Улсын Ерөнхийлөгч тайван цагт дайчилгааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
12.1.1.Зэвсэгт хүчний Жанжин штабын дайчилгааны төлөвлөгөөг батлах;
/Энэ заалтад 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
12.1.2.зэвсэгт хүчний дайчилгааны нөөцийн бүрдүүлэлтэд хяналт тавих, энэ талаар Засгийн газарт чиглэл өгөх;
12.1.3.төрийн байгууллагын удирдах албан тушаалтны цэргийн бэлтгэл, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний бүртгэл, давтан бэлтгэл, сургалтын байдалд хяналт тавих.
12.2.Монгол Улсын Ерөнхийлөгч дайчилгаа зарласан үед дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
12.2.1.бүх нийтийн буюу хэсэгчилсэн дайчилгаа зарлах тухай шийдвэр гаргах;
Монгол Улсын Ерөнхийлөгч дайчилгаа зарласан тухай зарлигаа Улсын Их Хурлын даргад нэн даруй өргөн мэдүүлнэ.
12.2.2.Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, холбогдох бусад албан тушаалтны илтгэлийг сонсож, чиглэл, үүрэг даалгавар өгөх;
/Энэ заалтад 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
12.2.3.цэргийн албанд татах бэлтгэл офицер, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний насны дээд, доод хязгаарыг шинэчлэн тогтоох, байлдагч түрүүчийн цэргийн алба хаах хугацааг сунгах тухай шийдвэр гаргах.
12.3.Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.